Тод мэдээ
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2020.11.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
1. Түр хорооны хуралдааны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
- “Эрх зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /үргэлжилнэ/;
- Бусад.
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.26-ны өдрийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын сүүлийн 15 жилд төсвийн бодлого, төсвийн тэнцлийн талаар дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/.
Тод мэдээ
2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Зөрчилд холбогдсон гадаадын 16881 иргэн, 3582 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1222 иргэнийг албадан гаргав.
Зөрчил гаргасан нийт гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар, үүнээс хувь хүнээр зөрчил гаргасан иргэдийн тоо 5.21 хувиар, уригч хуулийн этгээдээр зөрчил гаргасан иргэдийн 84.07 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл, хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчих, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Улсын хилээр оруулалгүй буцаасан иргэдийн дийлэнх хувийг БНХАУ (1130), БНСУ (151)-ын иргэд эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
УОК шуурхай хуралдаан зарлаж, 21 аймгийн удирдлагад үүрэг чиглэл өглөө
Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийн үүрэг чиглэл өглөө. Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ.
Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Мөн өнгөрсөн өдрүүдэд улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээх ажлыг хийснээр, Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болсныг хэллээ. Харин бусад аймгууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болгосон юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим гэх урьдчилсан төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа"-г тэмдэглэв.
Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын үүрэг болголоо.
-Малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх,
-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
-Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах,
-Цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах,
-Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
-Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

Тод мэдээ
Нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт 94 хувийн гүйцэтгэлтэй байна
Сангийн сайд Б.Жавхлан төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн татварын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажиллалаа.
Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл, дүүргийн татварын албаны улсын төсөвт төвлөрүүлэх орлого сар сараар биелж явсан. Гэхдээ уул уурхай туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны доголдол болон оны 11 дүгээр сарын сүүлээр УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн. Улмаар 12 дүгээр сарын эхний долоо хоногоос орлого их хэмжээгээр тасарсан.
Харин Сангийн яамнаас татвар төлөгчдийг цаг хугацаандаа татвараа төлөхийг уриалсан мэдэгдэл гаргаснаас хойш эргэлзээ, хүлээлт арилж, хэвийн төвшиндээ ороод явж байна. Нийслэл, дүүргийн татварын албууд төсөвт өдөрт 20 тэрбумыг оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сангийн сайдын 02 тоот албан даалгаврын дагуу оны эцэст татварын төлөвлөгөө бүрэн биелүүлнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа" талаараа танилцууллаа.
Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсүүд улс, нийслэл, орон нутгийн төсөвт татварын орлогын 5,5 их наяд төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар улсын төсөвт 1.7 их наядын татварын орлогын төлөвлөөтэйгөөс 1.6 их наяд төгрөгийг төвлөрүүлж 94 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сангийн сайд Б.Жавхлан татварын орлогын төлөвлөгөөг заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх, татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг сайн өгч ажиллах үүргийг нийслэл, дүүргийн татварын газрын удирдлагуудад өглөө гэж Сангийн яамнаас мэдээллээ.
