Тод мэдээ
Хотын дарга ирэх жилүүдэд хийх ажлаа нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол их айл. Нийслэл хотод шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан олон асуудал байна. Эдгээрээс хамгийн тулгамдаж байгаа нь түгжрэл. Судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь түгжрэлтэй холбоотойгоор бухимдаж байна. Эдгээр зүйлийг ярилцах, санал солилцохоор та бүхнийг урьсан. Ирсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд баярлалаа” хэмээн ярилаа.
УИХ-ын дарга нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав
УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатарт нийслэлийн хүн амын тал хувь нь оршин сууж байгаа. Эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал төв. Энэ удаагийн парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой. Хуваагдахгүйгээр хүчээ нэгтгэн, нийслэл хотод таван “Т”-г арилгая. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё” хэмээн уриалсан юм. Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулж, ажиллах нь зүйтэй гэх санал гаргалаа.
Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод оршин сууж байна. Нийслэл нь улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын нягтралаар хамгийн өндөр хот хэвээр байгаа. Улаанбаатар хотын хүн ам 2024 онд 1.68 сая, 2030 онд 1.86 сая, 2040 онд 2.1 сая болж өсөх тооцоолол байна. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйг тэлэх, нийтийн тээвэр, барилга, дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Хотын даргын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал, хүсэлт хэлж, асуулт асууж, хариулт авлаа.
Х.Нямбаатар: Хотын даргад тулгамдсан асуудлаараа яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг эрхийг олгоё
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хот, нийтийн аж ахуйтай холбоотой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний харилцааг идэвхтэй зохицуулдаг 240 орчим хууль байна. Эдгээр хууль хотыг аймаг, сум, дүүрэгтэй адилтгаж харилцааг зохицуулдаг учраас мөргөлдөж, асуудал шийдэгдэхгүй байна. Жишээ нь, Зам тээврийн сайд нар үеийн үед Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд оролцдоггүй хэрнээ аймаг, орон нутгийн зам тээврийн асуудалд оролцдог. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулиар энэ асуудлыг шийдэх нь чухал. Энэ хуулийн төсөл нь нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд Хотын дарга яамдаас санал авч, танилцуулдаг эрхийг олгохыг зорьж байгаа. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга нь тулгамдаж байгаа асуудлаа Засгийн газрын хуралдаанаар шийдүүлдэг болох юм” хэмээв. Мөн тэрбээр ирэх долоо хоногт яамдаас Нийслэлийн эрх зүйн байдлын хууль дээр санал авна. Түүнээс өмнө нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх санал гаргав.
Тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түгжрэлийг шийднэ гэдэг бол Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудал болж хувирч байна. Улаанбаатар хотын иргэд асуудлыг яаж, хэзээ шийдэх гэж байна гэдэг. Түгжрэл одоо яг ийм байна, үүнийг ингэж шийдэх боломж байна. Энийг нь шийдээд явж байна гэдэг мэдээлэл тодорхой байх хэрэгтэй. Улаанбаатар хотод үүссэн асуудал 30 жилийн өмнөөс үүсэлтэй. Иймээс үүнийг шат дараатай, он дараалалтай хийх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрбээр мөн нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг аппликэйшнд оруулж, хэдий хугацаанд хэрхэн шийдэх талаар технологийн дэвшил ашиглан, мэдээллийг иргэдэд ойлгомжтой өгөх хэрэгтэй байгааг онцолсон.
Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Юуны өмнө, дархлаажуулалтын ажлаа эрчимтэй зохион байгуулж байгаа нийслэлийнхэндээ баяр хүргэе. 2013 оноос хойш хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нийслэлчүүдийн хамрагдалт муу, 30 хувьтай байдаг. Иймээс хорт хавдар болон бусад өвчний хавдрын илрүүлэгт онцгой анхаарах хэрэгтэй. Мөн түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоог нийслэлд хийхгүй бол шаардлагатай тусламжаа авч чадахгүй байгаад амиа алддаг тохиолдол их байна. Алслагдсан дүүрэгт түргэн тусламж муу очиж байна. Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Х.Булгантуяа: Ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн П.Анужин “Улаанбаатар хотын 143 сургуулийн 117 нь түрээсийн гуанз, хоолны газар ажиллуулдаг. Олсон орлогын 40 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар авдаг. Энэ орлогыг хүүхдийн хоолны чанарт зарцуулдаг байхад анхаараач. Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж байгаа. Нийслэлийн сургуулиудад чанар, стандартын шаардлага хангасан хоолны газартай сургууль алга. Хууль ирэх есдүгээр сараас хэрэгжинэ. Орлогын 40 хувьд нийслэл ямар бодлого баримтлах вэ” гэдгийг асуусан юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хууль батлагдсантай холбоотойгоор аж ахуйн нэгж сургуулийн гал тогоог түрээсэлдэг байдал зогсоно. Сургуулиудад ажиллах тогооч, орон тоо батлагдаагүй. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг журмын дагуу үдийн хоолны хөтөлбөрт хамруулахын тулд төсвийн тодотголд тусгах шаардлагатай. Орлогын 40 хувийг нийслэл рүү төвлөрүүлдэг байдлыг зогсоож болно” хэмээн хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түгжрэлийг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмж, автомашины импортын татварыг нэмэгдүүлэх байдлаар шийдэх боломж байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр “Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд тавих шаардлагыг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд газар чөлөөлөлтийг хийж өгөөч. Аж үйлдвэрийн бүс бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Б.Жаргалмаа: Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот хөгжих бүрэн боломжтой
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот маань хөгжих бүрэн боломжтой. Улсдаа татаас өгөхөөс илүүтэй олсон орлогоороо хотоо хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэж харлаа. Өнөөдөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын худалдааны чөлөөт бүсийг байгуулах хэрэгтэй. Эрх зүйн орчин бүрдвэл хотод хийх юм их байна” гэдгийг онцоллоо. Мөн Д.Өнөрболор гишүүн хотоос сонгогдоогүй ч гэсэн нийслэлтэй холбоотой асуудал яригдаж учраас иржээ. Тэрбээр түр хороонд орж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалт үр дүнтэй боллоо
Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцож байгаа нь нийслэлийн түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. УИХ-ын гишүүд ч ийм уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, уулзалтыг үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулахад онцгойлон анхааран ажиллаж байна. Нийтийн тээврийг хөгжүүлж, такси үйлчилгээний стандартыг шинээр оруулж ирэх хэрэгтэй. Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах хүрээнд 10 дэд төв байгуулна. Үүнийг дагаад дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Хоёр огтлолцолтой замын схемийг оруулж ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанитай тооцоо, судалгааг хийж байгаа. Авто замын сүлжээг өргөтгөхөөс гадна явган хүн, дугуйн замын тооцоо, судалгаа байгаа ч санхүү дээр очоод гацдаг. Улаанбаатар хот олон оролцогчтой, салбарын сайд нар төлөвлөлт, тооцоо судалгаагүй ажлыг оруулж ирснээр зардал өсдөг. Бодлогын яам хэрэгжилт дээр хяналт тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Сүүлийн 30 жилийн хуримтлагдсан асуудал өнөөдөр биднийг ийм байдалд амьдруулж байна. Хот гэдэг бол улсын хөгжлийн нүүр царай. Хот нийгэм, эдийн засгийн маш чухал цогцолбор төв” хэмээн онцоллоо.
Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл, баримтлалыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн санал, хүсэлтийг сонсох байсан ч Түр хороо байгуулах санал гарсантай холбоотойгоор түр хороогоор хэлэлцэхээр болсон юм.
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Тод мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тод мэдээ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.
-
Тод мэдээ2024/11/22
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ...
-
Тод мэдээ2024/05/07
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо
-
Тод мэдээ2019/07/25
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д ...
-
Тод зураг2019/07/19
"Гаатуу"-гийн гараас мултрахгүй