Тод мэдээ
БНХАУ-ын Их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд
Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо.
БНХАУ-ын их, дээд сургуульд 6 сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай.
Дээр дурьдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн consulatemng@gmail.com цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ үү. Сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ-д шууд зорчих боломжтой.
Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон лавлагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу.
http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202208/t20220823_10749377.htm
http://mn.china-embassy.gov.cn/mn/lsfw/lsxw/202206/t20220617_10705582.htm
КОНСУЛЫН ГАЗАР
Тод мэдээ
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
Баянгол дүүргийн 80 гаруй хувь нь хүн ам ихээр төвлөрсөн байшин хороолол бөгөөд худалдаа үйлчилгээний төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг.
Үүнтэй холбоотойгоор дүүргийн хот нийтийн аж ахуйн салбарынхан ачаалалтай ажилладаг. Иймд Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн салбарт 24 машин, техник хэрэгслээр парк шинэчлэл хийснээ хүлээн авлаа. Тодруулбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар,
- Давхар кабинтай, задгай тэвштэй, хүнсний хог хаягдал тээвэрлэдэг, хог үүрдэг чингэлэгтэй, тайзтай гээд нийт 11 машин,
- Үүрдэг чингэлэг 9,
- Гурван дугуйт дөрвөн ширхэг гээд нийт 24 автомашин, техник хэрэгсэл худалдан авч парк шинэчлэл хийлээ.
Дээрх машин, техникийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ, “Баянгол тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хуваарилж өгнө. Ингэснээр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог ачилт сайжрах юм. Баянгол дүүрэг 2021-2024 онд 15 машин, механизмаар парк шинэчлэлт хийж байсан бол, 2025 онд хот нийтийн аж ахуйн машин техникийг сайжруулах зорилгоор дөрвөн багц тендер зарласнаас эхний хоёр тендерт шалгарсан машин техникийг хүлээж авч буй нь энэ юм. Харин 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө үлдсэн машин, тоног төхөөрөмжийг хүлээж авна.






Тод мэдээ
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
Улсын хэмжээнд 2023-2025 оны арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дийлэнх нь Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт бүртгэгдсэн бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.
Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.

Тод мэдээ
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган зорчигчийг мөргөж осол гарган, хэргийн газрыг орхиж явсны улмаас хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлж, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
