Дэлхий нийтээр..
БНХАУ-ын 783 иргэнийг албадан гаргалаа
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явууллаа. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм.

Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг энэ сарын 2-нд зохион байгууллаа.

Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна.
Эх сурвалж: ГИХГ
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
