Тод мэдээ
Монгол Улсын модон хийц, бүтээцтэй архитектурын харьцуулсан судалгаа хийнэ

Соёлын дэд сайд М.Батбаяр 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн барилга, архитектурын дурсгалын судалгааны хэлтсийн орлогч дарга Шим Дунжүн тус хүрээлэнгийн ажилтан Кауг Жэкуан, И Сосан, Т.Эрдэнэцогт нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Солонгос Улсын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран Монгол Улсын модон хийц, бүтээцтэй архитектурын дурсгалын мэдээллийг БНСУ-ын модон хийц, бүтээцтэй архитектурын дурсгалтай харьцуулсан судалгаа хийхээс гадна зүүн Азийн модон архитектурын соёлын өвийн анхан шатны материалыг бий болгох зорилгоор “Зүүн Азийн модон хийц, бүтээцтэй архитектурын харьцуулсан судалгаа” төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.Соёлын дэд сайд М.Батбаяр Шим Дунжүн хандан Монгол дахь дурсгалт уран барилгыг хамгаалах, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, харьцуулан судлах, цаашлаад сэргээн засварлах чиглэлд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тод мэдээ
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 5 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 903 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 868 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
ГИХГ: 2025 оны байдлаар виз, визийн зөвшөөрөл олголт 98.1 хувьтай байна
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25,582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 98.1 хувь буюу 25094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Түүнчлэн Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 улсын иргэдэд дөрвөн ангиллын цахим виз олгож байгаа бөгөөд энэ оны байдлаар цахим виз олголт 87.1 хувьтай байна. Тодруулбал, Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Evisa.mn цахим системээр нийт 19,434 хүсэлт хүлээн авснаас 53 орны 16930 иргэнд цахим виз олгож, 2282 иргэний хүсэлтэд татгалзав. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахим виз олголт 0.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цахим виз олгосон гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл:
- БНХАУ 15135,
- Тайвань 710,
- БНЭУ 427,
- БНСУ 352,
- бусад улсын 306 иргэн байна.
Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Үүнд:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
-
Тод мэдээ2021/04/30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуули...
-
Тод мэдээ2023/09/25
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэ...
-
Өнөөдөр2024/05/01
Нарны замыг хааж, засварлана
-
Тод зураг2020/05/25
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан