Дэлхий нийтээр..
Даац хэтрүүлэн тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч нарт тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын даац хэтрэлтэд тавьж буй хяналт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө.
Ё.ЖАРГАЛСАЙХАН: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН НИЙТ ЖИН 44 ТОННООС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгой анхаарал хандуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт орших Баянтээгийн уурхайгаас Орхон аймгийн чиглэл, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайн авто замд ажиллаж, зам эвдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчлийг арилгуулсан.
Манай улсад мөрдөгдөж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартаар нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн байгаа. Цаашид энэхүү стандартыг баримтлаагүй тохиолдолд хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.
Х.ПҮРЭВЖАРГАЛ: ДААЦ ХЭТРҮҮЛСЭН ЖОЛООЧ НАР, АЧАА ИЛГЭЭГЧДЭД ТООЦОХ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал “Цаашид дан ганц жолооч нар биш ачаа илгээгчдэд тооцох хариуцлагыг нэмэгдүүлнэ. Үүний дагуу ачаа илгээгч аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад шаардлага мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахаар болсон.
2023 оны ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилтын хүрээнд авто замын барилгын норм, нормативыг шинэчилж 1274 км хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Түүнчлэн 107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлэх юм. Харин одоо барьсан замаа яаж хайрлах вэ, хэрхэн арчилж хамгаалах вэ гэсэн асуудал шинээр зам барихаас дутахгүй чухлаар тавигдаж байна.
Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн болон цемент, шатахуун тээвэрлэгч зарим компаниуд даац хэтрүүлж зам эвддэгээс болж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Мөн жин тонн хэтрүүлснээс үүдэлтэй замын эвдрэлээс болж эрдэнэт хүний амь нас , эрүүл мэнд хохирох явдал ч буурахгүй байгаа. Тиймээс салбар яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай хамтарч авто замын даац хэтрэлтэд тавих хяналтыг чангатгаж байгаа юм. Энэ хүрээнд даац хэтрүүлсэн жолооч тээвэрчдээс гадна тухайн ачааг илгээгч болон хүлээн авагчтай хатуу хариуцлага тооцно.
Н.БЯМБАДОРЖ: ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛЭЭР ИРГЭД АШИГЛАХГҮЙ БОЛСОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ БҮРТГЭЛЭЭС ХАСУУЛАХ БОЛОМЖТОЙ
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж: Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байлаа. Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тав буюу түүнээс жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс хасах журамтай. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоох зорилгоор шинэчилсэн бүртгэл хийж байна. Жолооч нар олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ шинэчилсэн бүртгэлээр хасуулах боломжтой. Шинэчилсэн бүртгэлээр иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулахгүй.
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
Дэлхий нийтээр..
АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжээ
АНУ-ын Миннесота мужийн 30 гаруй усан хангамжийн систем долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд кибер халдлагад өртжээ. Холбооны мөрдөх товчоо халдлагын эх үүсвэрийг тогтоохоор шалгаж байгаа боловч хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Миннесота мужийн Мэдээллийн технологийн албанаас мэдээлснээр халдлагуудын хугацаа болон онилсон төхөөрөмжүүдэд ижил төстэй шинж ажиглагдсан ч бүгдийг нэг этгээд үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байна. Халдлагын ихэнх нь усан хангамжийн тоног төхөөрөмжийг алсаас хянах, удирдах системүүдийг онилжээ. Гэхдээ халдлагад өртсөн бүх газрын усан хангамж тасалдаагүй бөгөөд иргэдийн ундны усны чанарт нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй аж.
Миннеаполис хотоос хойд зүгт орших 1700 орчим хүн амтай Брахам хотын ус цэвэршүүлэх байгууламж долоодугаар сарын 27-ны даваа гарагт хэдэн цагийн турш ажиллагаагүй болсон байна. Халдагчид худаг болон ус цэвэршүүлэх байгууламжийг удирдах системийг унтраасан тул хотын захиргаа иргэдийг усаа хэмнэхийг хүсжээ. Энэ хугацаанд хэрэглээг усан цамхагт нөөцөлсөн усаар хангасан бөгөөд усны чанарт асуудал гараагүй байна.
Харин 80 мянга орчим хүн амтай Плимут хотод усан хангамжийн дэд бүтцийн холбоо тасарсан ч ажилтнууд системийг хэвийн ажиллуулжээ. Холбоог долоодугаар сарын 28-ны мягмар гарагийн үдээс хойш сэргээсэн бөгөөд усны түвшин болон чанарт өөрчлөлт гараагүй байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон бусад байгууллага өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой хакерууд ус, бохир усны систем болон чухал дэд бүтцийн удирдлагын төхөөрөмжүүдийг онилж байгааг анхааруулжээ. Гэхдээ Миннесота мужид гарсан халдлагыг Ирантай холбоотой этгээдүүд үйлдсэн гэх албан ёсны нотолгоо одоогоор гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
-
Үйл явдал2025/03/21
Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна
-
Дэлхий нийтээр..2022/08/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд В...
-
Дэлхий нийтээр..2021/03/05
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр цахим хэлэлцүүлэг хи...
-
Дэлхий нийтээр..2023/04/12
ЁЗСХБХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн анхны хэлэлуүүлгийг ...
