Тод мэдээ
Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав

Чуулга уулзалтыг Улсын нээж хэлсэн үгэндээ Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгох “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулахаар тусгасан тухай танилцууллаа. Мөн тэрбээр, Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг заавал хэлэлцэх, шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн гээд парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чуулга уулзалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк чуулга уулзалтын эхэнд Монгол, Германы ард түмнүүд ардчилал, үнэт зүйлээрээ нэгдмэл байдгийг онцлон дурдаж, Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учир парламентын хяналт нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэх тухай асуудал юм гэлээ. Иймд парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар хоёр тал хамтран ажиллаж, тус тусын ардчиллыг улам бэхжүүлэхийг уриалав.
Чуулга уулзалт “Парламентын хяналтын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм. “Парламентын хяналтын тогтолцоо” сэдвийн хүрээнд хоёр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар тавив.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлээрээ өнгөрөгч долоо хоногт баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа. Тэрбээр, стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судалж өөрийн орны онцлогтой нийцүүлсэн болон шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурлаас иргэд, олон нийт ямар хүлээлттэй байгааг судалсан талаар тухайлан танилцуулж, Монголын парламентын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон таван зорилго, 16 зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаар товч дурдсан юм. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат илтгэлдээ эдүгээ бүрдэж бий болоод байгаа парламентын хяналтын тогтолцоо, түүний эрх зүйн орчны талаар нэгтгэн өгүүлсэн юм. Үүндээ тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналтын тогтолцоог АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг гадаад улсуудын тогтолцоотой харьцуулан авч үзсэнээ дурдаж, Монгол Улсын 1924, 1940, 1960 болон 1992 оны Үндсэн хуулиудад хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой чиг үүрэг тодорхой тусаж ирсэн болон энэхүү чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирснийг тэмдэглэв. Эдүгээ Монгол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, төсвийн хяналт, Ерөнхий сайдын мэдээлэл, үр дагаварын үнэлгээ, хяналтын сонсгол, түр хороо байгуулах зэрэг долоон хэрэгслээр хэрэгжүүлж буйг тэрбээр танилцуулаад, эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэх явцад гарч буй дэвшилттэй болон дутагдалтай талуудын талаар ярив.
Үндсэн илтгэлүүдийг панел хэлэлцүүлгээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку нар оролцож, Улсын Их Хурлын даргын зөвлөх, доктор Т.Алтангэрэл хөтлөн явуулсан юм. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төсвийн болон бодлого, үйл ажиллагааны хяналтад сөрөг хүчний үүрэг оролцоо тэргүүлэх байр суурьтай байгааг дурдаж, хэдийгээр Засгийн газарт МАН, АН, ХҮН хамтарсан ч гэлээ парламентын хяналтыг бүдгэрүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын талаар танилцуулсан бол Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн бол ардчилал улам бэхжиж байгаа жишээ болохыг дурдаад, парламентын хяналтыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлаар удирдлага нь томилогддог хяналт, зохицуулалтын байгууллагуудын чадавх, оролцоо, бие даасан байдлыг сайжруулах асуудал чухал гэдгийг хэлэв. Чуулга уулзалтын ороцогчид Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах, улс төрийн болон мэргэжлийн байгууллагын харилцааг нарийвчлан тогтоох, мөн парламентын хяналтын асуудлыг хариуцлагын тогтолцоотой хамтад нь авч үзэх ёстойг онцолж байгаа.
Парламентын хяналтын тогтолцооны талаарх дараагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурал дэлхийн хүчтэй парламентуудын тоонд ордгийг дурдаад, өмнөх Улсын Их Хурлуудад 15 хувиас доошоо орж байгаагүй сөрөг хүчний хувь хэмжээ өнөөдрийн 126 гишүүнтэй Улсын Их Хуралд 10 хувиас доош орсныг анхаарууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тэрбээр жишээлж, Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийг ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээгээр тэлж баталсан нь парламентын хяналтын механизм ажиллахгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Мөн тэрбээр, хяналтгүйгээр ямар ч ажлыг хийх боломжгүй гэдгийг онцлоод, Монгол Улсын хамгийн том мега төсөл бол ардчилал өөрөө юм гэлээ.
Хүний эрхийн хяналтын асуудлаарх энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид, Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар ороүлцож, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хөтлөн явуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин парламентын хяналт бол төрийн хяналт биш гэдгийг чухалчлан дурдаж, Улсын Их Хурал өөрийн дотоод бүтцээр баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянах ёстой гэсэн юм. Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хяналтын байгууллагууд Улсын Их Хурлаас давсан эрх мэдэл хэрэгжүүлэх ёсгүйг анхааруулав. Засгийн газрын хамгийн хүчтэй эрх мэдэл болох хүнийг яллах, шийтгэх эрх мэдлийг хянах нь парламентын хяналтын хамгийн гол чиг үүрэг байх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын Их Хуралд өнөөдрийн байдлаар энэ хяналтыг хэрэгжүүлэх бүтэц байхгүй байна гэсэн юм. Иймд тэрбээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэд Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог байгуулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаагаа танилцуулав. Уг төсөлд, парламентын бие даасан прокурор, шинжээчдийг томилох, тэдгээр эрх бүхий албан тушаалтнууд Улсын Их Хурлаас хүртэл нууцалсан далд мэдээллийг нээн илрүүлж, парламентад авчирч өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийн гол чиглэл нь хүний эрх гэдгийг тэмдэглээд, энэ талаарх төрийн хяналтын системийн голлох бүрэлдэхүүн хэсэг бол дотоодын хяналтыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэдгийг онцоллоо. Төрийн байгуулал нэн тэргүүнд өөрөө өөрийгөө хянах нь чухал гэдгийг тэрбээр анхааруулж, хөндлөнгийн хяналтанд шилжихээс өмнө урьдчилан сэтгийлэх, таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалахад онцгой үүрэгтэйг дурдсан юм. Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар парламентын ил тод байдал, төсвийн хяналт, Улсын Их Хурлын эрх зүй болон эрх мэдлийн чадавхтай холбоотой асуудлыг хөндөж, эдгээртэй холбоотой судалгаа, кейс шинжилгээний үр дүнгүүдээс танилцууллаа. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй нь энэ талаарх хуулийн зохицуулалт хоёрдмол агуулгатайгаас болсныг шүүмжлэв. Хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хүний эрхийн талаарх парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ талаарх чиг үүрэг бүхий институциудын уялдаа, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болон сөрөг хүчний эрх, үүргийг нэмэгдүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох, чангатгах асуудлуудыг онцолж байв. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал Монголын парламент Засгийн газрын хууль баталдаг нэгж шиг ажиллаж байгааг шүүмжилж, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдааныг ил тод, нээлттэй болгох шаардлагатай гэлээ.
Тод мэдээ
Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна
Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте нар үг хэллээ.
Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм.
Хурлын зорилго Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.
Учир нь, сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тарваган тахал “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.
Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон.
Харин өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,
1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг
2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг
3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг
4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг
5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарын бүс:
- 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,
- Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.
Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг.
Жолооч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг чандлан мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
2024 оны 6 дугаар сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг шүүгээ болон чемоданд нууж далдлахыг завдсан ноцтой хэрэг гарсан.
Тус хэргийг шүүхээр хэлэлцэхээс өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байна.
Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ямар асуудлуудын хүрээнд явагддаг талаар танилцуулъя.
Жич: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж Монгол Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.
-
Тод мэдээ2021/12/23
ЗГ: Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тух...
-
Тод мэдээ2023/09/19
НӨАТ-ын урамшууллын суглааны тохирол маргааш орон даяар явагдана
-
Тод зураг2019/12/06
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
-
Тод мэдээ2021/12/16
Өнөөдөр нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүд