Дэлхий нийтээр..
Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нарыг байлцуулан БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд дараах баримт бичигт гарын үсэг зурав.
Үүнд:
- “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц, Парисын хэлэлцээрийн зорилгын дагуу тус тусын улсын үүрэг амлалтаа хамтран хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой болно. Талууд эрүүл аюулгүй орчныг бий болгох, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжиж эдийн засгийг сайжруулах, эрчим хүчний хэмнэлт болон үр ашгийг сайжруулах, хуванцар бохирдолтой тэмцэх, хүнсний алдагдлыг бууруулах чиглэлд шилдэг туршлагуудыг солилцож, хамтран ажиллахаар тохиров.
- “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Үндэсний Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжье нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудыг авто болон төмөр замаар холбож дэд бүтцийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг санамж бичгийг байгуулснаар Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлах юм.
- “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд Цахим эдийн засгийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар гарын үсэг зурав.
Тус санамж бичигт гарын үсэг зурснаар цахим эдийн засгийг хөгжүүлэх, цахим салбар дахь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих юм. Энэ хүрээнд туршлага солилцох, инновацын чиглэлээр хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн компаниудын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн арга хэмжээний үеэр хоёр талын дараах баримт бичгийг байгуулав. Үүнд:
- “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хөпин нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан уг хэлэлцээрийг байгуулснаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байна.
- Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хоорондын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-т Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Жөн Шаньжие нар гарын үсэг зурав.
Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улс хоорондоо хөгжлийн туршлагаа солилцох, бодлого төлөвлөлт, стратегийн уялдаа холбоог сайжруулах, макро эдийн засаг, хот төлөвлөлт, аж үйлдвэрийн төлөвлөлт болон “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачлагыг хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд тус тусын аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон боловсон хүчний солилцоог өргөжүүлэх боломжтой болж байна.
- “Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газар хоорондын Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнлянь нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсантай холбогдуулан Монгол, Хятад улсын хилийн боомтын менемежментийн хамтын ажиллагааны мехнизмыг хөгжүүлэх, бусад ажлын хэсгийн уялдаа холбоог хангах зорилгоор 2014 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулав.
- “Хууль бусаар барааг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав.
Уг санамж бичгийг байгуулснаар 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу барааг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны ололт амжилтыг бататгах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх чиглэлд чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
- “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалттай ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурав.
Энэхүү протоколоор талууд Монгол Улсаас БНХАУ-д “Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага”-ыг тохиролцов. Үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдэг нь үхэр, хонь, ямаа, адууны яс, эвэр, туурай, өөх зэргийг хатаах, уураар жигнэх, өндөр даралтаар боловсруулах, өндөр даралтаар шүршиж хатаах аргаар боловсруулж гаргаж авсан техникийн зориулалт бүхий бүтээгдэхүүн буюу желатин, тос, уураг (пептон), буталсан яс, эвэр туурайгаар хийсэн бүтээгдэхүүнийг хамруулж байгаа болно.
Түүнчлэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”, “Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр” зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.




Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2021/04/26
QR кодоор зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагт зорчино
-
Дэлхий нийтээр..2022/02/15
УИХ: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдана
-
Дэлхий нийтээр..2021/05/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага хэвл...
-
Дэлхий нийтээр..2020/07/08
Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!
