Тод мэдээ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.
Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-ны буюу өнгөрөгч баасан гаригт хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ үед зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах нь зүйтэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан юм. Тус Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас чиглэл өгч буцаасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж улсын төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан зардалд зохицуулалт хийх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх болон бууруулах саналууд, шинээр үүсгэх Засгийн газрын өрийн хэмжээнд өөрчлөлт оруулах болон төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналууд, мөн бусад Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц нарын 16 гишүүний гаргасан төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны хэмжих нэгжийг тодорхой болгосон саналуудыг Өргөдлийн байнгын хороо дэмжсэн боловч Төсвийн байнгын хороо дэмжээгүйг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эсрэг санал өгч дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссантай холбогдуулан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-нд явуулсан гурав дахь хэлэлцүүлгийн үед Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ангиллын нэг дэх саналд үндэслэн ажлын хэсгээс гаргасан дэмжигдсэн саналуудыг төсвийн тооцоололд бүрэн тусгаж, үүнд үндэслэн бусад дэмжигдсэн саналуудтай холбоотой тооцооллыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх чиглэлийг хуралдаан даргалагч өглөө. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2025 оны арванхоёрдугаар сарын 08-наас 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
Хур тунадас: 09-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10-11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 09, 12-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 09, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8 -13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгиныорчмоор 27-32 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Тод мэдээ
Хүүхдийн эрхийг хамгаалах ажиллагааг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулав
Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхдийн талаар явуулах аливаа ажиллагаанд хамгийн түрүүнд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах, хохирогч хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйн нөхөн сэргээлтийг дэмжих, тэдний сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, материалд өртөхөөс хамгаалах зарчмыг хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалсан байдаг.
Эдгээр зарчмыг мөрдөн шалгах ажиллагаанд бодитоор баримтлуулах, прокурорын зөвлөмжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсээс мөрдөгч нарт зориулан мэргэжил, арга зүйн сургалтыг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны 143 мөрдөгчийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтаар хүүхэд хохирсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны онцлог, эрх зүйн зохицуулалт, практикт тулгамдаж буй асуудал, мөн хүүхдэд ээлтэй ажиллагааны стандартыг мөрдөх арга зүйн талаар мэдээлэл өгч, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр анхаарах асуудлуудыг танилцуулсан байна.
Тод мэдээ
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Нэгдүгээр тойрог зам” нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 км урттай 8-10 эгнээ үргэлжилнэ. Уг төслийн нийт санхүүжилт 3.2 их наяд төгрөг бөгөөд санхүүжилтийн 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг холбогдох хууль, тогтоол, журмын дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 173 дугаар “Авто замын эхлэл, төгсгөлийн болон эргэлтийн цэг, солбицол батлах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга хэмжээний тухай” 257 дугаар тогтоолыг үндэслэн тус санхүүжилтийг гаргах аж.

Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нэгдүгээр тойрог зам” төслийг амжилттай хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад талуудын хамтын ажиллагаа чиглэх юм. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжихэд чухал ач холбогдолтой.
“Нэгдүгээр тойрог зам” төслөөр 24.8 км авто замаас гадна 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел зэргийг барина. Энэ онд бэлтгэл үе шат хийгдэж, 2026 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2028 оны арванхоёрдугаар сарын 3-нд төслийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө. Тус авто зам ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэлийг 20-25 хувиар бууруулахаар тооцжээ.


-
Тод мэдээ2022/11/08
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2023 оны шалгаруулалтыг зарлаж байна...
-
Тод индэр2022/03/02
Ч.Жаргалбаатар: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр ял завших явдлыг бу...
-
Өнөөдөр2019/07/19
Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлб...
-
Тод мэдээ2022/04/04
15 хоногийн хугацаанд 639 гараашийг буулгажээ
