Үйл явдал
“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт оношлогооны төв Монголд ажиллалаа
“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт эмнэлзүйн оношлогооны төв 2026 оны тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-ний хооронд Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр ажиллалаа.
Энэ хугацаанд “РЖД-Медицина”-гийн эмч нар Улаанбаатар төмөр замын Замын-Үүд, Сайншанд, Чойр, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар, Улаанбаатар гэсэн долоон гол өртөөнд иргэдэд үзлэг, оношлогоо хийв. Өдөрт дунджаар 200 орчим хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн галт тэргээр үйлчлүүлсэн иргэд дотрын эмч, зүрхний эмч, мэс засалч, хүүхдийн эмч, урологич, эмэгтэйчүүдийн эмч, дотоод шүүрлийн эмч, шүдний эмч, нүдний эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсан байна.
Мөн ЭХО, ЭКГ, дотоод шүүрлийн шинжилгээ, рентген, маммографи зэрэг олон төрлийн оношлогоо хийсэн нь алслагдсан суурин газрын иргэдэд нэн хэрэгцээтэй тусламж болжээ.
Монгол Улсад эмнэлгийн галт тэрэг ажилласан эхний өдөр Замын-Үүд өртөөнд 270 хүн үзлэгт хамрагдахаар бүртгүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
ОХУ-ын эмч нарын Монгол Улсад ажиллах энэхүү ажиллагааг “Илгээлт Добро” хүмүүнлэгийн төслийн хүрээнд “РЖД” ХНН-ийн санаачилгаар, “УБТЗ” ХНН болон Россотрудничествотой хамтран зохион байгуулжээ.
Үйл явдал
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болно.
Үйл явдал
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Үйл явдал
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
