Тод мэдээ
Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх нэн ховор үзмэрүүдийг дэлгэнэ

Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойд зориулан ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх есдүгээр сарын 2-ны өдрийн 09.00 цагаас нээн зохион байгуулах гэж байна.
Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж улам эерэгээр таниулах цэргийн түүх судлаач эрдэмтдийг оролцуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Оросын шинжлэх ухаан соёлын төв дээр цахим хэлбэрээр зохион байгуулах юм. Оросын талаас тус хуралд зөвлөлт-оросын нэрт түүхч, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Академич Базаров Б.В., ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол-Төвөд-Будда судлалын хүрээлэнгийн түүхч, түүхийн ухааны доктор, профессор Курас Л.В., ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор, профессор Лиштованный Е.И., Байкалын Их сургуулийн ЭШХ-ийн түүхч,түүхийн ухааны доктор, профессор Кузьмин Ю.В. нар оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн Москва,Санкт-Петербургийн түүхчид оролцох хүсэлтээ гаргаад байгаа юм.
Монголын талаас ҮБХИС-ийн БХЭШХ-ийн цэргийн түүхийн төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар ажлын хэсгийг ахлах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Тагнуулын Ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан, цэргийн түүхч, шинжээч, судлаач 40 гаруй илтгэгч оролцохоор мэдэгдээд байна.
Үүнээс гадна, Россотрудничество агентлаг нь Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн хүрээнд Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын хамтын ажиллагаа, Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмний Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлж асан үнэлэшгүй түүхэн тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор; Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд улам эерэгээр таниулах зорилгоор урьд өмнө нь нийтэд ОГТ ДЭЛГЭГДЭЖ байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор үнэт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримт, дүрс бичлэг, эд өлгийн үзмэрүүдийг ЭХ ХУВИАР нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан соёлын төвд ( РЦНК) зохион байгуулах гэж байна.
Тэгвэл түүхэн ойн арга хэмжээний хамгийн чухал хэсэг болох уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хамгийн анхны хуралдаан болж өнгөрлөө.

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныг төлөөлж ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Базархандаев А.Р., Цэргийн болон цэргийн нисэх хүчний атташе хурандаа Анисов П.Г, Монгол Улсын БХЯ-ыг төлөөлж Батлан хамгаалахын Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга, Монгол Цэргийн Музейн ерөнхий менежер дэд хурандаа Л.Гантөмөр, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван; Засгийн газрын тохируулагч агентлаг ХХЕГ-ыг төлөөлж Улсын хилийн музейн эрхлэгч хошууч Т.Нямчимэг, тус музейн сан хөмрөгийн бүртгэл хөтлөгч, үзмэр харагч П.Нарангэрэл; Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивыг төлөөлөн Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны магистр Б.Ринчинноров, эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны докторант Г.Сэр-Од нар уг ажлын хэсэгт орж байна.
Хамтран зохион байгуулагч нарын анх удаа ийм өргөн цар хүрээтэй гаргах цогц үзэсгэлэнг цахимжуулан дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай #Россотрудничество агентлагийн Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвтэй улсуудад дэлгэн үзүүлэх болно
Тод мэдээ
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
СХД-ийн 27 дугаар хороо, "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм.
Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Энэ үеэр:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Тод мэдээ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 412 сая төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.