Дэлхий нийтээр..
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ
Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ.
Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гурван жилд бүх бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ирэх жилээс их хэмжээгээр тарьж эхэлнэ. Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж гурван жилийн өмнө мод тарихад тус талбай хоосон байсан юм. Өнгөрсөн хугацаанд 36 мянган мод тарьж ургуулаад байна.


Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энд 1.2 сая тарьц, суулгац үржүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлж байна. “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид мод тарилаа.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалж чадлаа.
Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон.
Өнгөрсөн жил 283 мянган га талбайг хортон шавжаас хамгаалсан бол энэ 341 мянган га талбайд хамарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан юм.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
