Тод мэдээ
Б.Пүрэвдагва: "Алтан Сарнай" нийгмийн нөлөөллийн шилдэг төсөл шалгаруулна

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр “Алтансарнай” наадмыг ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай. Хорин жилийн турш зохион байгуулагдаж байгаа “Алтансарнай” наадам тун удахгүй болох гэж байна. Энэ талаар бид Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Пүрэвдагвагаас тодрууллаа.
-“Алтансарнай” наадам бол жил бүр болдог, шинэ жилийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг. Энэ удаа “Алтансарнай” наадмыг шинэ жилээр бус сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулах гэж байгаа юм байна. Ямархуу байдлаар зохион байгуулах вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Манай Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо 1997 онд байгуулагдсан түүхтэй. Энэ байгууллага маань 2000 оноос эхлэн “Алтансарнай” наадмыг зохион байгуулж улс төр, урлаг спорт, эрүүл мэнд, сэтгүүл зүйн гэх мэт салбар бүртээ онцгой амжилт гаргасан залуучуудыг шалгаруулж шагнал, цом гардуулдаг, хүмүүсийн хүсэн хүлээдэг, брэнд арга хэмжээ болж чадсан. Өнөөдөр “Алтансарнай” наадам 20 дахь жилийнхээ босгон дээр өөрийн өнгө төрхөө өөрчилж шинэчлэгдэж байна. Өөрөөрхэлбэл тус наадмын үеэр хэн нэг хувь хүнийг бус нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа шилдэг төслүүдийг шалгаруулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр Z үеийнхэн буюу бүхэл бүтэн шинэ үеийнхэн гарч ирж байна. Техник технологийн хөгжил, мэдээллийн хурдацтай байдал бидний амьдралын хэв маягийг бүхлээр нь өөрчилж эхэллээ. Үүнийг дагаад залуучуудын байгууллага маш мэдрэмтгий, хурдтай өөрчлөгдөх ёстой гэж үзсэн. Залуучуудын байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээ ч гэсэн илүү нийгэмдээ чиглэсэн, олныг хамарсан, удаан хугацааны үр өгөөжтэй байх учиртай гэж үзсэний үндсэн дээр “Алтансарнай” наадмын гол шалгуур үзүүлэлтүүдийг өөрчлөх шийдвэр гаргасан.
-Та сая хэн нэг хувь хүнийг бус нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа шилдэг төслүүдийг шалгаруулна гэж ярьсан. Энэ талаар тодруулж өгөөч?
- Нэгдсэн Үндэстний байгууллагаас тодорхойлсон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, Монгол Улсын хөгжлийг тодорхойлж байгаа “Алсын хараа-2050” зорилтуудын биелэлтүүдийг дэмжихэд хувь нэмрээ оруулах, нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хүртээмжтэй нийгэм, технологи инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн шилдэг 5 төслийг шалгаруулна.
-Цаашид “Алтансарнай” наадмын гол суурь үзүүлэлт нь нийгмийн эерэг нөлөөлөл гэдэг үг байх юм байна гэж ойлголоо. Гэхдээ энэ эерэг нөлөөллийг хэрхэн тооцож, үнэлж цэгнэх вэ гэдэг асуудал маань бас маргаантай шүү дээ?
-Сүүлийн үед манай монголчууд хамтраад хандив мөнгө босгон, ядарсан, өвдөж зовсон нэгэндээ хувцас, гурил будаа өгдөг, зарим нь орон байрны асуудлыг нь хүртэл шийддэг болсон. Энэ бол сайн үйлс, нийгмийн хариуцлага юм. Харин эерэг нөлөөлөл гэдэг маань арай өөр ойлголт. Олон нийтийг хамарсан, тэднийг илүү эрч хүчтэй, илүү эрүүл саруул амьдрах, мэдлэг боловсрол олж авахад нөлөөлж чадсан төсөл хөтөлбөрүүдийг бид онцолж байгаа. Өнөөдөр дэлхийн улс орнууд нийгмийн хариуцлагаас нийгмийн дундын үнэ цэнийг бий болгох чиг хандлага руу чиглэж, нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг дэмжих зорилгоор сайн үйлсийн төсөл, хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлж байна. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны гишүүд ч энэ чиг хандлагыг даган хамтдаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хамтын үнэ цэнийг бүтээх зорилгыг удиртгал болгож нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төсөл, иргэн, хуулийн этгээд, багийг шалгаруулан танилцуулдаг арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.
-Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, технологи инновацийн эерэг нөлөө үзүүлж байгаа шилдэг төслүүд бол ойлгомжтой. Харин хүртээмжтэй нийгмийн шилдэг төсөл гэхээр зарим хүнд жаахан ойлгомж муутай байна л даа?
-Хүртээмжтэй нийгмийн тухай асуудал НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтод туссан асуудал. Дэлхий улс орнууд 2015 оноос хойш хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлээр маш их зүйл ярьж бас хийж байгаа. Хүний эрхийг хангахын тулд нийгэм хүн бүрт үйлчлэх, тэгш хандах, тэгш боломж олгох ёстой. Гэтэл бидний дунд хөгжлийн бэрхшээлтэй, сурах боломжгүй, алслагдсан суурин газарт амьдардаг, биднээс өөр амьдралын хэв маягтай янз бүрийн хүн амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж энгийн хүмүүстэй адилхан сурч боловсорч, эрүүл мэндийн үйлчилгээ авах вэ гэсэн асуулт тулгараад байна. Мөн газар зүйн байршлаас болоод тэгш үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийн асуудал ч яригддаг. Жишээлбэл Увс аймгийн Баруунтуруун, Говь-Алтай аймгийн Чандмань сум, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа гурван залууд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж, мэдээллийн хүртээмжтэй байдал харилцан адилгүй байгаа. Энэ ялгааг адил түвшинд авчрах төслүүд хэрэгжиж эхлээд байна. Хүн бүр тэгш эрхтэй байхын тулд хүртээмжтэй нийгмийг бид бий болгох ёстой. Хүртээмжтэй нийгэм бүрэлдэж байж хүнлэг ардчилсан иргэний нийгэм бүрдэж чадна. Тиймээс олон нийтэд хүртээмжтэй нийгэм гэж юу гэдгийг ойлгуулах, энэ төрлийн төслүүдийг бид дэмжих ёстой гэж үзэж энэ чиглэлийг төслийг шалгаруулахаар шийдвэрлэсэн.
-Одоогийн байдлаар нийт хичнээн төсөл ирээд байна вэ? Шагналын сангийн талаар тодруулж болох уу?
-Нийт 5 номинацид 15 төсөл ирээд байна. “Алтансарнай” цомын төлөө өрсөлдөхөөр төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын төсөл хөтөлбөрүүд, компани, хувь хүмүүс гээд янз бүрийн салбараас материалаа ирүүлж байгаа. Сонгон шалгаруулалтын дүнг бид хоёрдугаар сарын 5-ны өдөр олон нийтэд зарлана. Нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа энэ төслүүдийг дэмжих, урам зориг өгөх, цаашид илүү өргөжүүлэх зорилгоор бид шагналын санг өндөр байх ёстой гэж үзсэн. Нийт шагналын сан 150 сая төгрөг байгаа. Өөрөөрхэлбэл шалгарсан төсөл бүр 30 сая төгрөгийн шагнал авна. Шагнал гардуулах ёслол маань битүүний өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр болох юм.
-150 сая төгрөг гэдэг их мөнгө. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа вэ?
-Үндэсний томоохон үйлдвэрлэгч, компаниуд нийгмийн үнэ цэнийг бидэнтэй хамтран бүтээхээр ажиллаж байна. Энэ шагналын мөнгө бол хамтын үнэ цэнийн хүрээнд бий болж байгаа мөнгө.
-Ёслолын арга хэмжээг яаж зохион байгуулах вэ? Шүүгчийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс орж байгаа вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан арга хэмжээгээ телевизүүдтэй хамтран зохион байгуулах гэж байна. 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу битүүний орой 21 цагаас “Боловсрол суваг” телевизээр дамжуулан улс орон даяар энэхүү арга хэмжээг шууд дамжуулна. Шүүгчийн бүрэлдэхүүнд нийгмийн салбар бүрийн 15 хүнийг сонгож авсан. Энэ 15 хүн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, сэтгүүл зүй, улс төр, шинжлэх ухаан гэх мэт 15 салбарыг төлөөлж байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд бусад улс төрийн намын төлөөллүүд хүртэл багтаж байгаа. Төслийг шалгаруулахдаа хэн нэг нөлөөтэй хүний үгэнд бусад шүүгч автах, бусад номинацид нэр дэвшиж байгаа төслүүдийг хооронд нь харьцуулах зэрэг сул тал гарахаас сэргийлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд орж байгаа хүмүүсийн нэрийг бид нууцалсан. Шүүгчид маань ч өөртэй нь хамт хэн энэ төслүүдийг шүүж байгааг мэдэхгүй байгаа. Мөн нэг шүүгч, нэг санал гэсэн журмаар шалгаруулалтыг явуулна. Бидний хамтын үнэ цэн маань хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүтээж чадна гэсэн зорилготойгоор энэхүү арга хэмжээг бид зохион байгуулж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд Алтансарнай наадам жилдээ ганцхан удаа болдог, шилдэг төслийг шагнаад өнгөрдөг арга хэмжээ байхгүй. Хүртээмжтэй нийгэм, нийгмийн үнэ цэн, хамтын хүчийг сурталчилсан төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, залуучуудаа уриалж, тэдний идэвхи санаачлагыг өрнүүлсэн форум, уулзалт хэлэлцүүлгүүдийг шат дараатайгаар зохион байгуулж байх юм.
-Уучлаарай. Ярианыхаа төгсгөлд нэг зүйл тодруулья. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын бие тааруу, гадаадад эмчлүүлж байгаа. Биеийнх нь байдал хэр байгаа вэ?
-Манай Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын бие өвдөж эх орондоо эмчлүүлж байгаад гадаадад хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Хагалгаа амжилттай болж биеийн байдал нь өдрөөс өдөрт сайжирч байна. Бид Н.Учрал гишүүн болон түүний ар гэрийнхэнтэй байнга холбоотой байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Тод мэдээ
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.
Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.
Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.
Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.
Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.
Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.
Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Тод мэдээ2021/10/01
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар цахим хэлэлцүүлэг хийл...
-
Чөлөөт бүс2021/10/29
Сэхээний орон дээр хэвтэж байгаа эрчим хүчний салбар
-
Тод мэдээ2021/07/20
Азийн Парламентын Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа
-
Тод мэдээ2022/10/24
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-т зориулсан өдөрлөг нээлтээ хи...