Тод мэдээ
Нийслэлийн амаржих газруудыг ЭМЯ-ны харьяанд шилжүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Тодруулбал, “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах зүйтэй гэж үзсэн байна.
Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, амаржих газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна.
Иймээс Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлж, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байна.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл