Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ гишүүдээ томиллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан

- 1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн.
- 41 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 

Боловсрол:

- 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник - цахилгаан холбооны инженер, улс төр судлаач мэргэжилтэй.

Ажилласан байдал:

- 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд  Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

УИХ, Засгийн газар, орон нутгийн уялдаа холбоог сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хурдасгах, Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилтийн хяналт үнэлгээг сайжруулахад бодитой ахиц гаргана. 


Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын
түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Жамъянхорлоогийн Сүхбаатар

- 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн.
- 47 настай
- Эхнэрийн хамт амьдардаг.

Боловсрол:

- 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

- 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд  УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга,        2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд  УИХ-ын гишүүн,    2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,  2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, нэгдсэн бодлого тодорхойлох, нийслэл Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

- 964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн.
- 58 настай
- Эхнэрийн хамт амьдардаг.

Боловсрол:

- 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн сургууль,  1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй.  Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй.

Ажилласан байдал:

- 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга,
- 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал,
- 2004 оноос Их Хурлын гишүүн,
- 2009-2010 онд Их Хурлын  Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд, 
- 2018-2020 онд Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Монгол Улсад олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэлийг хангах ажилд томоохон хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар

-       1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн.
-       54 настай
-       Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:

-       1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

-       1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
-       1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
-       1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
-       2000-2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх,
-       2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
-       2007-2008 онд Засгийн газрын гишүүн - Түлш, эрчим хүчний сайд,
-       2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн,
-       2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
-       2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
-       2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн,
-       2016-2017 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 
-       2017-2021 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
-       2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2021 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Цар тахал, олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу яамд хоорондын хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт

- 1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.
- 48 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:

- 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар  сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг  тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

- 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий менежер,        
- 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2008 оноос Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, дарга, 
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд, 
- 2019-2020 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Экспортын шинэ гарц болох Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигтийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх, Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, зам тээврийн нэгдсэн стандартыг бий болгох, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлэх зэрэг бодлогын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар

- 1973 онд Улаанбаатар хотод төрсөн
- 49 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:

- 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

- 1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал,
- 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газарт зөвлөх,
- 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч,
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгийн санг бий болгон хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын иргэдэд хүргэх бодит хүртээмжийг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог дэмжих, алт, зэс, төмрийн хүдрийг боловсруулах хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Даваажанцангийн Сарангэрэл

- 1963  онд Улаанбаатар хотод төрсөн.
- 59 настай
- Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол:

- 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль,  1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын  Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

- 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант,
- 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор,
- 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч,
- 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал,
- 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал, 
- 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч,
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
- 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн,  
- 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга,
- 2017-2020  онд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
- 2020-2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар  ажиллаж байсан.

Томилох үндэслэл:

Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог төлөвшүүлэх, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэх, тэтгэвэр, нийгмийн даатгалын реформыг эхлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулуун

- 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
- 58 настай
- Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол:

- 1982 онд Дорнод аймгийн 10 жилийн сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

- 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн,
- 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич,        
- 1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал,
- 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал,
- 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, эрүүл монгол хүнсээр эх орноо хангах, Атрын дөрөвдүгээр аяныг зохион байгуулах, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүнс экспортлогч орон болох зэрэг Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ням-Осорын Учрал

- 1987 онд Улаанбаатар хотод төрсөн
- 35 настай
- Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:

- 2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй.

Ажилласан байдал:

- 2010-2016 онд “Рояаль” Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга,
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
- 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 
- 2015 онд Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх,
- 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга,
- 2020 оноос  Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, төрийн чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, “Цахим Монгол” хөтөлбөрийг шинэ шатанд гаргах, Цахим гарын үсгийг нэвтрүүлэх, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр үндэсний компаниудаа дэмжиж ажиллах чиглэлд томоохон хувь нэмэр оруулна.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн

-       1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн
-       52 настай
-       Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:

-       1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

-       1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал,
-       1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал,
-       1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал,
-       2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга,
-       2008 оноос Улсын Их Хурлын гишүүн,
-       2016-2017 онд Засгийн газрын гишүүн-Сангийн сайд,
-       2017-2020 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Томилох үндэслэл:

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход томоохон хувь нэмэр оруулна.


Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байна.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Сургуулийн орчинд авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэх нь

Огноо:

,

Авлигатай тэмцэх соёлыг үндэстэн даяар төлөвшүүлэх нь нэг өдрийн ажил биш. Урт удаан хугацааны туршид тууштай байх шаардлагатай бөгөөд тухайн улс, үндэстний хүүхэд бүрд багаас нь төлөвшүүлэх ёстой.

Залуу, хойч үеийнхэнд боловсрол олгохоос гадна, багаас нь авлигын эсрэг үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд хамгийн тохиромжтой гэр бүлээс гаднах нийгэмшлийн орчин бол сургууль юм. Тиймээс сургуулиуд авлигын шинжтэй бүх үйлдлээс ангид байх ёстой. Гэвч зарим сургуулиудад шинээр элсэхэд авлигын шинжтэй үйлдлүүд үйлдэгддэг гэж Индонезийн Авлигатай тэмцэх хорооноос (АТХ) мэдээллээ. Сурагч шинээр элсэх үйл явц дахь авлигын шинжтэй үйлдлүүдийг АТХ-ноос гаргасан 2023 оны Боловсролын шударга байдлын үнэлгээний судалгаагаар илрүүлсэн байна. Судалгаанд сурагч, сурган хүмүүжүүлэгчид, багш нараас гадна боловсролын байгууллагын удирдлагуудыг хамруулсан. Үүнд сурагч, эцэг эхийн шударга байдал, боловсролын экосистем, боловсролын засаглал дахь авлигын эрсдэл гэсэн гурван үндсэн зүйлийг үнэлжээ.

·Судалгаанд хамрагдсан багш нарын 24.6 хувь нь хэд хэдэн сурагчийг сургуульд ямар нэгэн "бэлэг" өгсөн учраас сургуульд элсүүлсэн гэж хариулжээ.

·Судалгаанд хамрагдсан багш нарын 42.4 хувь нь сургуульд элсэх шаардлага хангаагүй хүүхдүүдийн эцэг эх нь сургуульд бэлэг өгсөн учраас элсүүлсэн гэжээ.

Тус АТХ-ноос зохион байгуулсан судалгаанд Индонези улсын олон тооны сургуулиудыг хамруулсан. Судалгаагаар ердөө хараад өнгөрөх төдий бус бүх оролцогч талууд онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмжээний үр дүн гарсан. Сургуулиудын элсэлтийн алба нь харьяаллыг өөрчлөх, тус суралцагч гавьяа шагналтай гэх мэт аргаар шинэ суралцагчийн элсэлтийг баталгаажуулдаг гэж ярьдаг байсан бол одоо "хахууль"-ийн арга зам байгаа гэх яриа гарчээ. Мэдээжийн хэрэг энэ яриа нь ямар нэг шалтгаанаас үүдэлтэй тул ирээдүйд боловсролын байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд ухаалаг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Сурагчид зөвхөн хичээл номоор дамжуулж мэдлэг олоод зогсохгүй сургуульд байхдаа харж, мэдэрсэн бүх зүйлсээсээ суралцаж төгсөөд нийгэмд хөл тавьдаг. Тийм учраас боловсролын салбарт авлигыг тэвчиж болохгүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Сурч боловсрох энэ үе шатанд насанд хүрсэн хүмүүсийн хариуцлагагүй, авлигад автсан зан үйлийн оронд шударга байдлын үнэт зүйлсийг сурагчдад төлөвшүүлэх ёстой. Сурагчид авлигын зан үйлд өртсөөр байвал насанд хүрсэн хойноо ч ийм зан үйлийг давтах нь гарцаагүй. Хүүхдээ шилдэг сургуульд оруулахын тулд хууль бус арга хэрэглэж байгаа сурагчдын эцэг, эхийн үйлдэл зүйд нийцэхгүй байна. Энэ нь эдгээр хүүхдүүдэд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга замыг ашиглаж болдгийг, бурууг зөвтгөхийг үлгэрлэж байна. Хууран мэхлэх гэх мэт заримдаа өчүүхэн гэж үздэг зан чанар нь бусдад "халдварладаг" байж болох бөгөөд бусад сурагчдыг ч мөн адил зүйлд уриалдаг.

Боловсролын орчинд түгээмэл байдаг бусад авлигын шинжтэй зан үйл нь сахилга баттай холбоотойгоор буюу цагтаа ирдэггүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах зэргээр илэрдэг. Хүүхдийн зан төлөвийг төлөвшүүлэхэд хүрээлэн буй орчны үүрэг ямар чухал болохыг үүнээс тод харж болно. Авлигатай тэмцэх үнэт зүйлсийг хүүхдэд багаас нь зааж сургавал үр дүн нь бүгдэд хүртээлтэй байх болно. Гэсэн хэдий ч авлигад автсан зан үйлийг төлөвшүүлбэл ирээдүйд олон хүн хохирох болно.

Ирээдүйд улс үндэстний ноён нуруу болохоор сурч боловсорч буй хүүхдүүд, боловсролын салбарт эдгээр авлигын үр байх ёсгүй тул АТХ нь сурагчдын эцэг эх нь багш нарт хүүхдэдээ сайн дүн авахын тулд ямар нэгэн зүйл, бэлэг сэлт өгдөг үйлдэлд анхаарлаа хандуулж байна. Эдгээр төгсөгчид дундаас ирээдүйд төрийн албанд ч, хувийн хэвшилд ч ажиллах боловсон хүчин төрөн гарна.

Семаранг Их Сургуулийн (Unnes) Боловсрол, сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийн багш Эди Субхан авлигын эсрэг боловсрол, сургалт нь онолын түвшнээс бодит арга хэмжээ рүү шилжих ёстой гэв. Тэрээр “Сурган хүмүүжүүлэх арга барилаар авлигын эсрэг боловсролыг олгох нь” сэдэвт судалгаанд авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бодитой арга хэмжээ авахыг уриалсан байна.

"Авлигын эсрэг боловсрол нь тодорхойлолт, хэм хэмжээ, ёс суртахууны тухай урт хугацааны хэлэлцүүлэг байх ёстой төдийгүй сурагчдыг идэвхтэй мэдээлэл хайж, арга хэмжээ боловсруулах, арга хэмжээ зохион байгуулах, эргэцүүлэн бодоход уриалах ёстой" гэж Субхан тайлбарлав. Ингэснээр авлигын эсрэг боловсролд өөрчлөлт орж, өөрчлөгдөнө. Эдгээр сурган хүмүүжүүлэх чухал зарчмуудыг хэрэгжүүлснээр сурагчид авлигын үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар бодитой туршлага хуримтлуулж, авлигыг үл тэвчихэд суралцана.

АТХ ганцаар авлигыг устгаж чадахгүй гэдгээ тууштай илэрхийлж, авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд нийгмийн бүх гишүүд нэгдэн ажиллахыг уриалж ирсэн. Өнөөдөр бидний боловсролын ертөнцөд тарьж буй авлигын эсрэг боловсролын үр шимийг ирээдүй хойч үе хураах болно гэж Индонезийн АТХ мэдэгджээ.

Эх сурвалж: https://en.antaranews.com

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо.

Шинэ Улсын Их Хурал нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна.

Өнөөдөр Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход Улсын Их Хурлын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Иймд улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг Та бидэнд ноогдож байна.

Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.

Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана.

Энэ удаагийн Улсын Их Хурал дахь тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь буюу олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахиц, дэвшлийг бий болгох нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.

Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл боломжийг дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Залуучууд, өсвөр насныханы дунд парламентат ёс, Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан үнэт зүйлс болон улс төрийн мэдлэгийг ахиулж, Үндсэн хуульд заасан улс төрийн эрхээ бодитой эдлэх, эргэцүүлэн тунгаан шийдвэр гаргахад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.

Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд Улсын Их Хурлын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.

Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана.

Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна.

Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд Та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг, хичээл зүтгэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол төрийн алтан соёмбот далбаа үүрд мөнхөд мандан бадартугай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/07/26

Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна

Өнөөдөр2024/07/26

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Тод мэдээ2024/07/26

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Тод мэдээ2024/07/26

Цэргийн уулчдын "Олимп" эхэллээ

Өнөөдөр2024/07/26

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж...

Тод мэдээ2024/07/26

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

Өнөөдөр2024/07/26

Туул, Хэрлэн голууд үерийн түвшинд хүрснийг НОК-оос анхааруулж байна...

Өнөөдөр2024/07/26

Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна

Тод мэдээ2024/07/25

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж...

Өнөөдөр2024/07/25

"Ирээдүйн генералууд 2024 " цэрэгжүүлсэн спортын телевизий...

Өнөөдөр2024/07/25

Баянхошуунд 260 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна

Өнөөдөр2024/07/25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2024/07/24

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн ав...

Тод мэдээ2024/07/24

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн авто замын за...

Тод мэдээ2024/07/24

Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж бай...

Тод мэдээ2024/07/24

"Монголын музей-100” нэгдсэн чуулган ирэх 9 сард болно

Өнөөдөр2024/07/24

Дулааны шугамын өргөтгөлийн ажлын үеэр зарим автозамын хөдөлгөөнийг ...

Тод мэдээ2024/07/24

“М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг ...

Өнөөдөр2024/07/24

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр2024/07/24

Нидерландын Олон улсын харилцааны Клингендал академийн захирлыг хүлэ...

Өнөөдөр2024/07/24

Их, дээд сургуульд элсэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэхийг үүрэг ...

Өнөөдөр2024/07/22

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Өнөөдөр2024/07/23

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр2024/07/23

Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд үерийн аюултай түвшинг давах төлөвт...

Тод мэдээ2024/07/23

Өнгөрсөн хоногт үерийн 19 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Тод мэдээ2024/07/23

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Тод мэдээ2024/07/23

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жил...

Тод мэдээ2024/07/23

Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно

Өнөөдөр2024/07/23

Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

Тод мэдээ2024/07/23

П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална

Санал болгох