Дэлхий нийтээр..
Ноолуур самнах 12 үйлдвэрийг шинээр байгуулж байна гэлээ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны тавдугаар сары 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Тогтоолоор ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.
Энэ хүрээнд ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгасан байдаг.
Өнөөдөр (2023.01.05) Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар ноос, ноолуурын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдлын талаар болон тогтоолд заасан худалдааны техникийн зохицуулалтын асуудлыг хөндөж ярилцав.
Дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 109 сая тонн байгаагаас амьтны гаралтай ширхэгт 1.7 хувь, үүнээс ямааны ноолууран ширхэгт 0.02 хувийг эзэлдэг байна. Энэхүү ховор ширхэгт ноолуурын нөөцийн 48 орчим хувийг Монгол Улс, 50 орчим хувийг БНХАУ, үлдсэн хувийг нь Иран, Афганистан, Казахстан зэрэг улс бэлтгэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг.
Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. Харин нэхмэлийн салбарын нийт экспортын 90 гаруй хувийг ямааны ноолуур эзэлдэг. Манай улсад угаасан ноолуурын хялгасыг нь ялгах буюу самнах 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсанаас 25 хувийн ашиглалттай байна. Өөрөөр хэлбэл, 12.035 тонн түүхий ноолуурыг угааж, хялгасыг нь ялгах хүчин чадал суурилагдаад байгаа нь жилдээ бэлтгэж буй 10.0 мянган тонн ноолуураа дотооддоо бүрэн самнах боломжтой юм.
Засгийн газрын 2022 оны аравдугаар 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Тус техникийн зохицуулалтын хүрээнд “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэсэн зохицуулалтыг тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байгаа юм. Ноолуурын боловсруулалт, худалдаанд техникийн зохицуулалт хийснээр угаасан ноолуур экспортод гарахгүй, 4500 тонн хялгасыг нь ялгасан /самнасан/ ноолуур экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, нийтдээ 660.0 сая ам.долларын борлуулалт хийж, салбарын борлуулалтын орлогыг 294 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой юм. Түүнчлэн одоо байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалж, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн тооцооллыг салбарын яамнаас хийжээ.
Хялгасыг нь ялгасан ноолуурын экспорт 2022 оны эхний 11 сарын байдлаар 809.1 тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Үүнээс үзвэл хялгасыг нь ялгасан ноолуурын экспорт энэ онд огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хялгасыг нь ялгасан нэг кг ноолуурыг 2021 онд дунджаар 91.9 ам.доллароор борлуулж байсан бол 2022 онд 108.3 доллароор борлуулжээ.
Хялгасыг нь ялгасан буюу самнасан ноолуурын гол худалдан авагч Итали Улс бөгөөд хялгасыг нь ялгасан ноолуурын экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Манай үндэсний үйлдвэрүүд Лоро пьяна, Фалконери, Шанель, Шнайдер, Сил Холдинг зэрэг гаднын брэндүүдтэй хамтран ажиллаж байгааг өнөөдрийн уулзалтад оролцсон 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл онцолж байлаа. Мөн Засгийн газрын тогтоол батлагдсанаар 12 самнах үйлдвэрийг шинээр байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ эхэлбэл манай улс ноолуур самнах 43 үйлдвэртэй болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.
Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.
Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.
Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
-
Үйл явдал2021/10/20
БГД-ийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2025/10/24
“Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах т...
-
Үйл явдал2025/12/01
Бага ангийн сурагчдын хичээл цахимд шилжлээ
-
Дэлхий нийтээр..2021/05/28
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
