Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна.
2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно.
Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.
Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.
Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.
Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.


Хэн юу хэлэв...
АНУ: Эмийн үнийн бууралтын мэдэгдэл маргаан дагуулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмийн үнийг бууруулсан талаарх мэдэгдэл нь дахин маргаан дагуулж, “математикийн хувьд боломжгүй” гэсэн шүүмжлэлд өртлөө.
Тэрбээр эмийн үнэ 500–600 хувь буурсан гэж мэдэгдсэн боловч шинжээчид ийм бууралт бодит байдалд боломжгүйг онцолж байна. Учир нь үнэ хамгийн ихдээ 100 хувь хүртэл буурах боломжтой бөгөөд түүнээс дээш буурна гэдэг нь хэрэглэгчид эм авахдаа мөнгө авахтай адил утгатай болно.
Трамп энэ талаар тайлбарлахдаа “өөр төрлийн тооцоолол” ашигласан гэж мэдэгдсэн ч эдийн засаг, математикийн мэргэжилтнүүд ийм аргачлал байхгүйг тодотгож байна.
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жуниор мөн уг тайлбарыг дэмжихийг оролдсон ч түүний жишээ ч мөн буруу тооцоолол байсан гэж шинжээчид дүгнэжээ.
Энэ асуудал нь Трампын эдийн засгийн бодлоготой холбоотой тоон мэдээллүүдийн үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлж буй ээлжит жишээ болж байна. Өмнө нь ч тэрбээр эмийн үнийг 1000 гаруй хувиар бууруулсан гэх зэрэг мэдэгдэл хийж байсан ч эдгээрийг баримтаар нотлогдоогүй, хэтрүүлэгтэй гэж олон удаа няцааж байжээ.
Ийнхүү эмийн үнийн бууралтын талаарх Трампын мэдэгдэл нь бодит тооцооллоос зөрүүтэй, олон нийтийг төөрөгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Хэн юу хэлэв...
АНУ-ын Төв банкны удирдлагын шилжилт маргаан дагуулж байна
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл албан тушаалын хугацаа дууссаны дараа ч Төв банкны зөвлөлийн гишүүнээр үлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Төв банкны бие даасан байдалд нөлөөлж болзошгүй хууль эрх зүйн үйлдлүүдтэй холбон тайлбарласан талаар Associated Press мэдээлэв.
Пауэллийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 15-нд дуусах бөгөөд түүний оронд нэр дэвшсэн Кевин Уорш-ийг Сенатын Байнгын хороо дэмжээд байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Пауэлл зөвлөлийн гишүүнээр үлдвэл шинэ удирдлагын бодлого, тэр дундаа хүү бууруулах шийдвэрт нөлөөлөх боломжтой бөгөөд Холбооны нөөцийн сан доторх бодлогын зөрчил нэмэгдэх эрсдэлтэй байна.
Үүний зэрэгцээ АНУ-д инфляц Төв банкны зорилтот 2 хувиас давсан хэвээр байгаа тул бодлогын хүүг бууруулах эсэх асуудал маргаантай хэвээр байна.
Хэн юу хэлэв...
АНУ болон Латин Америкийн орнууд Хятадыг Панамтай холбоотой эдийн засгийн дарамт үзүүлж байна гэж шүүмжиллээ
Панамын сувгийн боомтын үйл ажиллагаатай холбоотой маргаан олон улсын түвшинд хурцдаж, АНУ болон Латин Америкийн хэд хэдэн улс Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжиллээ.
Панамын шүүх Хонконгт төвтэй CK Hutchison компанийн Панамын сувгийн хоёр боомтыг ажиллуулах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь энэхүү зөрчлийн эхлэл болж байна. Уг шийдвэрийг АНУ-ын зүгээс Хятадын стратегийн нөлөөг бууруулах чиглэлд үзүүлсэн шахалттай холбон тайлбарлах нь бий.
Үүний дараа Хятадын тал Панамын далбаатай хөлгүүдэд тавих хяналтыг чангатгаж, шалгалт, саатлыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн дарамт үзүүлж буй хэлбэр гэж ажиглагчид үзэж байна.
АНУ болон Латин Америкийн зарим улс Хятадын энэхүү үйлдлийг Панамын тусгаар тогтнолд нөлөөлөх оролдлого гэж үзэн шүүмжилж, олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Панамын суваг нь дэлхийн худалдааны чухал зангилаа бөгөөд нийт тээврийн урсгалын ойролцоогоор тав орчим хувь нь уг сувгаар дамжин өнгөрдөг. Иймээс тус бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн нь зөвхөн бүс нутгаар хязгаарлагдахгүй, дэлхийн худалдаа, тээврийн сүлжээнд нөлөөлөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү үйл явдал нь АНУ, Хятадын стратегийн өрсөлдөөн Латин Америкийн бүс нутагт улам тодорч буйг харуулж байна.
-
Дэлхий нийтээр..2025/11/19
#COP30 Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэж орлоо
-
Үйл явдал2022/10/28
Нийслэлийн ойд зориулсан бөхийн барилдаан болно
-
Үйл явдал2022/12/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2021/09/27
Англид шатахууны хомсдол үүсч, эмх замбараагүй байдал бий болжээ
