Хэн юу хэлэв...
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв
Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол үзүүлсний улмаас 2020 оны дэлхийн эдийн засаг 4-6 хувиар агшихаар байгаа гэсэн олон улсын байгууллагууд тооцоолсныг дурдав. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр буураад байгаа гэв. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах корона вирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх; экспортын гарцыг нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталжээ. Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой зарим асуудлаар тодруулга хийж, Сангийн сайдаас хариулт, мэдээлэл авлаа. Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэлд хийсэн аудитын талаар: Монгол Улсын Засгийн газар 2019 онд төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ цахим, ил тод, үр ашигтай байх зорилгын хүрээнд 7 зорилт дэвшүүлэн ажилласан юм. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 12 их наяд 40.3 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 767.8 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 10 их 905.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1 их наяд 23.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 11 их наяд 661.7 тэрбум төгрөгт хүрч, 96.3 хувь буюу 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байгаа нь урсгал зарлагыг 303.6 тэрбум, хөрөнгийн зардлыг 388.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна. Нэгдсэн төсвийн нийт тэнцлийг 2 их наяд 224.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцүү ба Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж байгаа аж.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар 3 их наяд 205.5 төгрөгийн төсөвт өртөгтэй 1281 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 555.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталснаас 373 төсөл, арга хэмжээ буюу 29.1 хувь нь өмнөх оноос шилжсэн, 908 төсөл арга хэмжээ буюу 70.9 хувийг тайлант онд шинээр хэрэгжүүлэхээр тусгасан байжээ. Тайлант онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 сургууль, 75 цэцэрлэг, 14 дотуур байр, соёл спортын 42 барилга, 30 эмнэлэг, 63.6 км автозам, 341.7 м урт гүүрэн байгууламж, 2000 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтцийн 39, бусад салбарын 25 барилга байгууламж тус тус ашиглалтад оржээ.
Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар танилцууллаа. Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харъяа нийт 6542 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зөрчилгүй 47, хязгаарлалттай 8 дүгнэлт өгсөн байна. Аудитаар Улсын Их Хуралд нийт 4 асуудлыг толилуулж, Ерөнхий сайдад 6, Сангийн сайдад 6 зөвлөмжийг тус тус өгсөн гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4.2-т төсвийн гүйцэтгэлийн “хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд өгөх ба тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах” хэмээн заасан байдаг. Энэ дагуу “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар танилцуулав. Бусад Байнгын хорооны санал дүгнэлттэй танилцсанд тооцох шийдвэрийг Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцуулсан.

Аудитын дүгнэлттэй холбогдуулан Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж асуулт асуусан. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал С.Оюунгэрэл хариулахдаа “2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 1253 төсөл, арга хэмжээ батлагдсаны 638 нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу төлөвлөлтийн шаардлага хангасан байх ёстой байснаас 538 нь “29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэсэн шаардлагыг хангаагүй. Тэдгээрийг хавсарлтад жагсаалтаар оруулсан” гэлээ. Иймээс эдгээр төсөл арга хэмжээний хэрэгжилт удаашрах, үр ашиг буурах, өртөг нэмэгдэх, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байх эрсдэлтэй гэж аудитын тайланд дурдсан байна. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Хэн юу хэлэв...
АНУ: Эмийн үнийн бууралтын мэдэгдэл маргаан дагуулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмийн үнийг бууруулсан талаарх мэдэгдэл нь дахин маргаан дагуулж, “математикийн хувьд боломжгүй” гэсэн шүүмжлэлд өртлөө.
Тэрбээр эмийн үнэ 500–600 хувь буурсан гэж мэдэгдсэн боловч шинжээчид ийм бууралт бодит байдалд боломжгүйг онцолж байна. Учир нь үнэ хамгийн ихдээ 100 хувь хүртэл буурах боломжтой бөгөөд түүнээс дээш буурна гэдэг нь хэрэглэгчид эм авахдаа мөнгө авахтай адил утгатай болно.
Трамп энэ талаар тайлбарлахдаа “өөр төрлийн тооцоолол” ашигласан гэж мэдэгдсэн ч эдийн засаг, математикийн мэргэжилтнүүд ийм аргачлал байхгүйг тодотгож байна.
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жуниор мөн уг тайлбарыг дэмжихийг оролдсон ч түүний жишээ ч мөн буруу тооцоолол байсан гэж шинжээчид дүгнэжээ.
Энэ асуудал нь Трампын эдийн засгийн бодлоготой холбоотой тоон мэдээллүүдийн үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлж буй ээлжит жишээ болж байна. Өмнө нь ч тэрбээр эмийн үнийг 1000 гаруй хувиар бууруулсан гэх зэрэг мэдэгдэл хийж байсан ч эдгээрийг баримтаар нотлогдоогүй, хэтрүүлэгтэй гэж олон удаа няцааж байжээ.
Ийнхүү эмийн үнийн бууралтын талаарх Трампын мэдэгдэл нь бодит тооцооллоос зөрүүтэй, олон нийтийг төөрөгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Хэн юу хэлэв...
АНУ-ын Төв банкны удирдлагын шилжилт маргаан дагуулж байна
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл албан тушаалын хугацаа дууссаны дараа ч Төв банкны зөвлөлийн гишүүнээр үлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Төв банкны бие даасан байдалд нөлөөлж болзошгүй хууль эрх зүйн үйлдлүүдтэй холбон тайлбарласан талаар Associated Press мэдээлэв.
Пауэллийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 15-нд дуусах бөгөөд түүний оронд нэр дэвшсэн Кевин Уорш-ийг Сенатын Байнгын хороо дэмжээд байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Пауэлл зөвлөлийн гишүүнээр үлдвэл шинэ удирдлагын бодлого, тэр дундаа хүү бууруулах шийдвэрт нөлөөлөх боломжтой бөгөөд Холбооны нөөцийн сан доторх бодлогын зөрчил нэмэгдэх эрсдэлтэй байна.
Үүний зэрэгцээ АНУ-д инфляц Төв банкны зорилтот 2 хувиас давсан хэвээр байгаа тул бодлогын хүүг бууруулах эсэх асуудал маргаантай хэвээр байна.
Хэн юу хэлэв...
АНУ болон Латин Америкийн орнууд Хятадыг Панамтай холбоотой эдийн засгийн дарамт үзүүлж байна гэж шүүмжиллээ
Панамын сувгийн боомтын үйл ажиллагаатай холбоотой маргаан олон улсын түвшинд хурцдаж, АНУ болон Латин Америкийн хэд хэдэн улс Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжиллээ.
Панамын шүүх Хонконгт төвтэй CK Hutchison компанийн Панамын сувгийн хоёр боомтыг ажиллуулах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь энэхүү зөрчлийн эхлэл болж байна. Уг шийдвэрийг АНУ-ын зүгээс Хятадын стратегийн нөлөөг бууруулах чиглэлд үзүүлсэн шахалттай холбон тайлбарлах нь бий.
Үүний дараа Хятадын тал Панамын далбаатай хөлгүүдэд тавих хяналтыг чангатгаж, шалгалт, саатлыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн дарамт үзүүлж буй хэлбэр гэж ажиглагчид үзэж байна.
АНУ болон Латин Америкийн зарим улс Хятадын энэхүү үйлдлийг Панамын тусгаар тогтнолд нөлөөлөх оролдлого гэж үзэн шүүмжилж, олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Панамын суваг нь дэлхийн худалдааны чухал зангилаа бөгөөд нийт тээврийн урсгалын ойролцоогоор тав орчим хувь нь уг сувгаар дамжин өнгөрдөг. Иймээс тус бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн нь зөвхөн бүс нутгаар хязгаарлагдахгүй, дэлхийн худалдаа, тээврийн сүлжээнд нөлөөлөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү үйл явдал нь АНУ, Хятадын стратегийн өрсөлдөөн Латин Америкийн бүс нутагт улам тодорч буйг харуулж байна.
-
Үйл явдал2019/06/09
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн цахим мэдээллийн нэгдсэн сант...
-
Дэлхий нийтээр..2023/06/28
Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс цахи...
-
Хэн юу хэлэв...2020/12/08
Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар ...
-
Үйл явдал2020/08/03
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
