Тод мэдээ
Нийтийн байрны орчин, нөхцөлд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 8046 зөрчил илрэв

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтын дүнг өнөөдөр Ажлын хэсгийн хурлаар танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 11 Ажлын хэсэгт 161 албан хаагч ажилласан байна.
НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа юм. Иймд тус ажлын хүрээнд нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар хамгаалал, төлөв байдал, байгаль орчны хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, галын аюулгүй байдлын стандарт болон харьяа дүүрэгтээ бүртгүүлж, гэрээ байгуулсан эсэхийг шалгах юм. Ийнхүү шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, гарсан дүгнэлтэд үндэслэн нийслэлийн хэмжээнд нийтийн байрны үйлчилгээ эрхлэх шаардлага, стандарт болон зохицуулалтын талаар зөвлөмж гаргах зорилготой.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй аж.
Хяналт шалгалтаар нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин сул, төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон тул байр, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага байхгүй, нэг хүний амьдрах орчны стандарт зөрчигдсөн, байгууламж шатах эрсдэлтэй болон орчны аюулгүй байдал алдагдсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Энэ хүрээнд нийт 8046 зөрчил илрүүлж, 1031 мэдэгдэл, 964 зөвлөмж, 124 шаардлагыг тус тус хүргүүлэн, 14 иргэнд торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна. Мөн нийт илэрсэн зөрчлөөс 306 буюу 3.8 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
- Юун түрүүнд нийтийн байрны тодорхойлолтыг тогтоох, нийтийн байранд амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх, стандарт боловсруулах, түрээслэгч, түрээслүүлэгч хоёр талд хариуцлага тооцдог системийг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг нарийн тусгах шаардлага бий болж байна. Эдгээрийг боловсруулсны дараа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд Нийслэл хотын дүрэмд “нийтийн байрны ашиглалт, зохицуулалт” гэсэн заалтыг тусган батлуулах боломжтой болох юм. Ингэснээр Нийслэл хотын иргэдийн амар тайван, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, аюулгүй, чанартай үйлчилгээ авах нөхцөл нэмэгдэх бөгөөд объектуудад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, оргодол болон сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэлээ.
Тод мэдээ
Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна
Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте нар үг хэллээ.
Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм.
Хурлын зорилго Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.
Учир нь, сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тарваган тахал “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.
Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон.
Харин өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,
1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг
2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг
3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг
4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг
5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарын бүс:
- 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,
- Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.
Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг.
Жолооч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг чандлан мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно
2024 оны 6 дугаар сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг шүүгээ болон чемоданд нууж далдлахыг завдсан ноцтой хэрэг гарсан.
Тус хэргийг шүүхээр хэлэлцэхээс өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байна.
Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ямар асуудлуудын хүрээнд явагддаг талаар танилцуулъя.
Жич: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж Монгол Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.
-
Өнөөдөр2019/07/19
Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар өргөтгөсөн ажлын хэсэг байгуул...
-
Тод мэдээ2022/09/29
Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа
-
Тод зураг2021/12/27
Биеэсээ цахилгаан ялгаруулдаг загас
-
Тод мэдээ2021/07/20
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ