Дэлхий нийтээр..
“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээнд оролцож байна. Энэ сарын 22-ны өдрөөс эхэлсэн арга хэмжээний эхний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус биржийн дэд ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, Монголын компаниуд, тэр дундаа банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжийн талаар санал солилцов.
Арга хэмжээний хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр Монголбанк, СЗХ болон Монголын банкны холбооны удирдлагууд Монголын банкны салбарын томоохон банкнууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь чухал алхам болсон бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөж 19.4 хувь байгаа нь Төв Азийн орнууд дундаа харьцангуй өндөрт тооцогдох үзүүлэлт гэдгийг онцлов.
Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцсоны дотор BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд багтсан. “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” болон “Монголын банкны форум” үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Capital Market Mongolia” компани Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог байв гэж Монголбанкнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
