Тод мэдээ
Эвдэрсэн замуудын шалтгаан нөхцөлийг тогтоож, зөрчил гаргагчдад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 07-ны өдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан” гэв. Мөн усархаг борооны улмаас нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байгаа талаар дуулгалаа.
Үерийн усны улмаас автозам, гудамж талбайд учирсан хохирлын хэмжээг тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл өгсөн юм. Төвийн гол замууд үерийн усанд автаж буй асуудалд ажлын хэсэг гарч ажиллахад үерийн далан суваг дагаж буусан айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж, хүнсний дэлгүүр, дугуй засвар гэх мэт үйлдвэр үйлчилгээ эрхэлж үерийн жалгыг хаасан зөрчлүүд илэрсэн байна. Өнгөрсөн хугацаанд орсон борооны улмаас зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр автозамын хашлага эвдэрсэн талаар дуулгаад, нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрууд хамтран засвар үйлчилгээг гүйцэтгэжээ.
Баянгол дүүрэгт байрлах Чингүнжавын гудамжинд асфальтан зам хууларсан асуудалд нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбар өглөө. Тус автозамыг 2008 онд асфалтан хучилтаар JGC компани хийж гүйцэтгэжээ. Бүтцийн эвдрэлд орсон 0,9 км тус автозамыг нөхөөс тавьж засварлахаас илүүтэй шүүрт худгуудыг нэмж шинээр барьж байгуулах шаардлагатай гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүрийг хайрлаж хамгаалж ажиллах ёстой. Үүний тулд татварын хөрөнгөөр та бид цалин аваад сууж байгаа гэдгийг маш сайн ойлго. Автозамын газар эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг дүүргийн удирдлагуудад өгч байна. 1970 1980 онд хийгдсэн инженерийн байгууламжийг шинэчлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Газар хэлтсүүд харилцан уялдаатай ажилла. Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Нийслэлийн Авто замын газар нэг бүрчлэн явж ажилла” хэмээлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.
-
Тод мэдээ2022/05/13
Их дэлгүүрийн зүүн талын авто замын шинэчлэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ
-
Тод мэдээ2025/03/07
ЦЕГ: Охидууд бүлэглэн нэгнээ зодсон хэргийг шалгаж байна
-
Тод мэдээ2023/05/30
Дэлхийн шилдэг 50 сургуульд суралцуулах 2 дахь шатны сонгон шалгаруулалт өнөөдөр...
-
Өнөөдөр2023/04/04
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд