Дэлхий нийтээр..
Мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийг “Дэмжих бүлгийн уулзалт” боллоо
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс осол гэмтэл болон бусад идээт шархны дараа мөч тайрагдах мэс засалд орсон эмчлүүлэгчдэд эрүүл мэндийн үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой “Дэмжих бүлгийн уулзалт” өнгөрөгч баасан гарагт боллоо.
2018 оноос эхлэн улирал тутам зохион байгуулж буй тус үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, энэ удаагийн уулзалтанд нийслэл болон хөдөө орон нутгийн 25 үйлчлүүлэгч оролцсон юм.
“Дэмжих бүлгийн уулзалт”-нд “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын салбарын үүсгэн байгуулагч, багш, судлаач, хиймэл хөлтэй марафончин О.Саранчулуун оролцож, өөрийн амьдралын түүхээр дамжуулан энэ төрлийн мэс засалд орсон үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг өгч, хиймэл хөл болон бусад хэрэглэгдэхүүнийг танилцууллаа.
Түүнчлэн тус үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасаг, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар, хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай хамтран оролцогчдод үзлэг хийж, зөвлөгөө өглөө.
Мөч тайрагдах мэс засалд орсны дараах сэтгэл зүйн асуудал хувь хүн бүрт хүчтэй цочрол өгч, дасан зохицохуйн хямрал үүсгэдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Дэмжих бүлгийн уулзалт”-нд ХУД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ШУТИС-ийн Сэтгэл зүйн төв болон “Монос” группээс дэмжлэг үзүүлж ажилласан байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэмэгдэв
АНУ болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөний дараах эмзэг гал зогсоох нөхцөл үргэлжилж буй энэ үед Ираны үндэсний мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом суларч, түүхэн доод түвшинд хүрлээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нэг ам.доллар 1.8 сая риалтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал дордож буйг илтгэж байна.
Ираны риал өмнөх долоо хоногуудад харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн өдрүүдэд огцом уналт үзүүлсэн нь зах зээл дээр гадаад валютын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Эдийн засгийн энэхүү дарамтад АНУ-ын тэнгисийн хориг арга хэмжээ голлон нөлөөлж байгаа бөгөөд Ираны газрын тосны экспорт хязгаарлагдаж, гадаад валютын урсгал багассан байна.
Үүнтэй зэрэгцэн, Хормузын хоолойтой холбоотой хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч нөлөө үзүүлж байгаа юм.
Хэдийгээр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлж, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа билээ.
Ираны эдийн засаг өмнөх жилүүдэд ч инфляц, валютын ханшийн савлагаанд өртөж байсан бөгөөд одоогийн нөхцөл байдал нь иргэдийн амьжиргаанд улам дарамт учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ: Ираны эсрэг дайн 25 тэрбум ам.долларын өртөгтэй болсон...
Мөн өдөр Батлан хамгаалахын сайд Петер Брайан Хегсет дайн эхэлснээс хойш анх удаа конгрессын асуултад хариулж, Ардчилсан намын хууль тогтоогчид түүнийг илээр шүүмжилсэн байна. Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооноос Пентагоны төсвийн төслийн талаар хийсэн сонсгол дээр АНУ-ын Батлан хамгаалахын санхүүгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жюль Херст хэлэхдээ, 25 тэрбум ам.долларын зардлын дийлэнх нь сумны хэрэглээнд зориулагдсан бөгөөд байлдааны ажиллагааны зардал болон тоног төхөөрөмжийн нөхөн сэргээлтийн зардлыг бас багтаасан гэжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар мэдээлэхдээ, Пентагон 25 тэрбум ам.доллар гэсэн тоо хэмжээг хэрхэн бодож гаргасан нь одоогоор "тодорхойгүй" байгаа. Гэвч өмнөх мэдээллээр Ираны эсрэг АНУ-ын томоохон хэмжээний цэргийн ажиллагааны эхний зургаан өдөрт АНУ-ын цэргийнхэн 11.3 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэж АНУ-ын Батлан хамгаалахын яамны албан тушаалтан 3-р сарын 11-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө
АНУ-д өрнөж буй OpenAI-тай холбоотой шүүхийн маргаанд технологийн тэрбумтан Элон Маск оролцож, буяны чиглэлтэй байгууллагын нөөцийг ашиглан ашиг олох нь зохисгүй хэмээн мэдүүлэг өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр шүүх хуралдааны үеэр “буяны зорилготой байгууллагын хөрөнгө, бүтэц дээр тулгуурлан ашиг хонжоо хайх нь зөвшөөрөгдөх ёсгүй” гэж онцолсон байна. Маск нь OpenAI-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус байгууллага анхны зорилгоосоо хазайсан гэж үзэж буйгаа өмнө нь илэрхийлж байсан юм.
OpenAI нь 2015 онд хүн төрөлхтөнд ашигтай, аюулгүй хиймэл оюуныг хөгжүүлэх зорилготой, ашгийн бус бүтэцтэйгээр байгуулагдсан. Тус байгууллага анх хиймэл оюуны судалгааг нээлттэй байлгах, технологийн ашиг тусыг өргөн хүрээнд хүртээмжтэй болгохыг зорьж байв.
Гэвч 2019 оноос эхлэн OpenAI бүтэцдээ өөрчлөлт оруулж, “хязгаартай ашиг”-ын загварт шилжин хөрөнгө оруулалт татах болсон нь маргааны эхлэл болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ өөрчлөлт нь хиймэл оюуны салбар дахь санхүүжилт, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ч байгууллагын анхны зарчим, зорилготой зөрчилдөж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулсаар иржээ.
Шүүхийн маргаан нь хиймэл оюуны хөгжлийн чиг хандлага, ёс зүй, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хөндөж байгаагаараа онцлогтой. Шинжээчдийн үзэж буйгаар уг хэрэг нь буяны болон ашгийн байгууллагын зааг, зохицуулалтын асуудлыг тодорхой болгоход нөлөөлж болзошгүй байна.
Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд хэрэг үргэлжилж байна.
-
Үйл явдал2024/05/30
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буу...
-
Дэлхий нийтээр..2023/05/26
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно
-
Дэлхий нийтээр..2023/09/08
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Хаанбанк олон нийтэд үнэт цаасаа танилцуулж эхэллээ
