Үйл явдал
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болно.
Үйл явдал
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Үйл явдал
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
Үйл явдал
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо
