Хэн юу хэлэв...
У.Баярсайхан: “Монгол бахархал”-ын өдрөөр Монгол урчууд, дархчуудаараа бахархъя л даа
Сурвалжлагч Т.Болор-Эрдэнэ
“Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд “Монгол бахархал-2020” шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа анх удаа болох гэж байна. Уг арга хэмжээг “Монгол бахархал” сантай хамтран зохион байгуулж буй сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайхантай ярилцлаа.
-Тун удахгүй нэг сайхан арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байгааг сошиалаас мэдлээ. Бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ?
-Оролцогчдын бүртгэл ид үргэлжилж байна. 12 хүртэл бүртгэх ёстой. Манайхан ид бужигнаж байна аа. “Монгол бахархал” сангийн тэргүүн, үндэсний сурын аймгийн гоц харваач, спортын дэд мастер Ч.Ууганцэцэгтэй хамтран энэхүү үйл ажиллагааг бий болгохоор ажиллаж байна. Энэ бүсгүй Монголын үйлдвэрлэгч байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байсан болохоор тэдэнд тулгардаг гол гол асуудлыг илүү сайн мэднэ л дээ. Тэгээд ч манай улсад жилийн жилд ирж аялдаг жуулчид байгалийн сайхан, үндэсний спорт, урлагийг л ихэвчлэн сонирхдог болохоос уран дарханы бүтээсэн эд эдлэл, үндэсний хувцас, төрөл бүрийн сийлбэрийг тэр бүр анзаардаггүй юм шиг ээ. Тиймээс энэ удаагийн арга хэмжээгээрээ дамжуулан тэдэнд илүү нээлттэй, дөхөм болгохын тулд хичээж байна. Төр засаг маань энэ талд бодлогын хэмжээнд л юм яриад байгаа болохоос яг гарт баригдаж, нүдэнд харагдахуйц үйл ажиллагаа хийхгүй байна. Аливаа зүйл хийх тусмаа чанаржиж, түүнээсээ туршлага хуримтлуулдаг. Тиймээс бидний хийж буй энэ удаагийн ажилд оноо ч харагдана, алдаа ч мэдрэгдэнэ. “Хүсэхээс хясна” гэгчээр энэ жил дэлхий дахинаа “Ковид-19” цар тахал тархсны улмаас жуулчид хараахан ховор байна. Гэхдээ үүнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх төсөл хэрэгжүүлж байгаа. Одоогоор 300 орчим хүн оролцохоор мэдүүлэгээ ирүүлээд байна.
-Тэгэхээр ирэх жил цаг сайхан болвол илүү олон оролцогчтой болох нь ээ ...
-Тэгнэ байх шүү. Ирэх жилүүдэд дээрх аюулт өвчин ангижирчхаар Монгол туургатны хэмжээнд хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгвэл аль ч улсын урлаач, уран бүтээлч хэн хэнээсээ туршлага солилцох боломж бүрдэнэ. Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд өөр нэг ажил бий.
-Ямар ...
-Монгол, Орос, Англи, Хятад, Герман гэсэн таван хэлээр сэтгүүл гаргана. Ингэхийн зорилго маань дэлхий дахинаа өөрийн улсын урлаач, бүтээлч, үйлдвэржилтийнхээ хүрээг тэлж, сурталчлахад оршиж байгаа юм. Үүнийг дагаад зах зээл нь ч нэмэгдэх сайн талтай. Энэ сэтгүүлд тухайн үйлдвэрлэгчийн товч танилцуулга, бүтээлийнх нь зураг, холбоо барих хаяг гэх мэт багтана.
-Манай улсын урчуудын ур чадвар бусад улсынхтай харьцуулахад ямар төвшинд яваа гэж та дүгнэх вэ...
-Би мэргэжлийн урлаач биш болохоор ийм, тийм гэж хэлэх боломжгүй. Гэхдээ судлаачид, ахмад урчуудтай ярилцаж байхад “Илүү гарна уу гэхээс дутуугүй” гэдэг. Үүнийгээ тэд хийсэн бүтээлээрээ ч нотолж байгаа болов уу. Жишээ нь дээхний Дарьганга, Тожил хийцтэй мөнгөн эмээлийг хэдэн үеэрээ эдэлж, хэрэглээд элээгээгүй байна. Гэвч харамсалтай нь одоо тэр хийцээр хийх хүн ховордож байна гэж сонсогдсон. Нэмж хэлэхэд өнөөдөр манай улсын залуус хоолойнхоо бяраар, биеийнхээ бяраар, ухааныхаа бяраар дэлхийд гайхагдаж байна. Онцолбол, “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Н.Төгсцогт нарын зэрэг эрхмүүд. Тэгвэл тэдэнтэй ижил хэмжээний үнэлэгдэх, хүндлэгдэх хүмүүс бол урчууд, дархчууд юм. Тэд дэлхийн хэмжээнд яригдах ёстой. Хамгийн гол нь тэд өөрсдөө болон харьяа байгууллагууд нь дэмжиж, арга эвийг нь олж сурталчилгааг нь явуулдаггүй. Тиймээс миний бие тэс өөр мэргэжлийн хүн хэдий ч бусад нөхдийнхөө хамт Монгол брэндийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энэ ажлаа эхлүүлээд байгаа минь энэ. Аливаа зүйлийг “Хийе” гэж бодоод яваад байх бус хийгээд үзэх нь сайхан биз дээ.
-Оролцогчид та бүхний саналыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Их сонирхож, соргогоор хүлээн авч байна. Өмнө нь манай улсад ийм томоохон хэмжээний үзэсгэлэн худалдаа болж байгаагүй болохоор хэдэн зуун км-ын цаанаас ч хамаагүй ирэхээр мэдэгдсэн. Энэ ташрамд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар дэмжиж ажиллахаа мэдэгдсэнд талархаж байгаа.
-Жишээ нь Говь-Алтай аймагт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн тухайн аймагтаа л үйлчилгээгээ явуулж байгаа. Харин нийслэл хотод ирснээр бизнесийн зах зээл нь ч тэлэгдэх байх даа ...
-Яг зөв. Бид энэ замыг нь л улам уужуу болгох гээд байгаа юм. Түүнээс биш ямар нэгэн ашиг харсан юм байхгүй шүү. Дээрээс нь нэг зүйл онцолж хэлэхэд худалдан авагчдад ч давуу талтай болно. Жишээ нь нэг сайхан Монгол гутал хийсэн хүн манай энэ үйл ажиллагаанд авч ирэхдээ зөвхөн гар дээрх үнээрээ худалдана. Түүнээс биш лангууны түрээснээс эхлээд олон нэмэгдэл тооцогдохгүй. Бидний судалгаагаар ямар ч байсан 20-30 хувийн хямдралтай зарагдах юм билээ. Томоохон дэлгүүрүүдэд бүр их хэмжээгээр нэмэгддэг ч гэх нь бий. Түүнчлэн үйлдвэрлэгч, худалдан авагч нар шууд харилцаж, тогтмол түнш болж болно. Мөн үзэсгэлэнгийн үеэр олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргах зорилготой хүмүүс судалгаа хийнэ. Одоогийн байдлаар хоёр хүн олон улсын зах зээлд экспортлох талаар холбоо барьсан байгаа.
-Оролцогчдын бүтээлийг хэдэн төрөлд ангилж бүртгэж байгаа вэ?
-Оролцогчдыг бүтээлээ ирүүлэх байдлаас харахад гурван төрөлд хувиарлах нь зүйтэй гэж шийдсэн. Тодруулбал, дахин давтагдашгүй үнэт өв, уламжлалт буюу урлангийн, үйлдвэржилтийн гэж. Эхний төрөлд нь олон жилийн ур ухаан шингэсэн бүтээл байхаас гадна уран зураг, уламжлагдан ирсэн үнэт зүйлс, археологийн олдворууд багтана. Эдгээр зүйлс зарим судлаач, урлаач нарт хадгалагддаг юм билээ. Харин удаах хоёр төрлийг иргэд яг бодитоор харьцуулж харах боломжтой. Үнэндээ энэ хоёр тэс өөр харагддаг юм билээ.
-Иргэдийн сонирхлыг хамгийн их татах гэвэл юу байх бол ...
-“Эрийн гурван наадам” компанид хадгалагдаж буй Хүннүгийн үеийн булшнаас олдсон эвэр нум байна. Үүнийг Монгол Улсын хүндэт мэргэн Т.Батмөнх гуай эзэмшдэг юм билээ. Эртний гэхээсээ гадна Монголын хамгийн том нумд тооцогддог тул иргэд их сонирхох байх. Мөн XVII зууны үед БНХАУ-ын зураач Монголчуудын ахуй амьдралыг харуулсан зураг байршина. Үүнийг зураач Д.Чулуунбаатар хоёр жилийн өмнө БНХАУ-аас авч ирсэн гэсэн. Энэ мэтчилэн маш олон зүйл дэлгэгдэнэ ээ.
-Үзэсгэлэнгийн дараа тухайн үнээрээ дэлгүүрт тавигдана гэсэн байх аа ...
-Тийм. Эхлээд бид “Монгол бахархал”-ын өдөр буюу энэ сарын 16-нд төв талбайдаа нээлтээ хийгээдхье. Дараа нь “Их наяд”-ын “Traple” event hall-д танхимын үзэсгэлэнгээ гурван өдөр гаргана. Ингээд 20-ноос нэгдүгээр хороололд байрлалтай “Grand plaza-2” худалдааны төв, “UBH” center, хотын зүүнд талд бас нэг томоохон дэлгүүрт “Монгол бахархал” нэртэй дэлгүүрээ нээнэ. Хамгийн гол нь бүх бараа бүтээгдэхүүн дээрх дэлгүүрт төв талбайд зарагдаж байсан үнээрээ худалдаалагдана. Үүнд лангуу болон арчилгааны гэх мэт төлбөр нэмэгдэхгүй. Бүтээгчийн гар дээрх үнээр л зарагдана гэсэн үг. Нөгөөтээгүүр бид маш өндөр харуул хамгаалалттайгаар, цэвэр орчинд, хэрэглэгчдийг ая тухай үйлчлүүлэхэд анхаарч ажиллана. Тэнд гэрэл зураг авах студи, хүүхэд тоглох орчин зэргийг бүрдүүлнэ. Тэгвэл иргэд хүүхдээ аюулгүй орчинд тоглуулж байх хугацаандаа худалдан авалтаа сэтгэл амар хийх юм. Манай улсад ирсэн зочид болон иргэд маань нийслэл хотод үзэх зүйлээр ховор байдаг. Тиймээс эдгээр дэлгүүрээ бид музейгээс дутахааргүй тохижуулж, хэрэглэгчдийн мэлмийг баясгавал сайхан биз дээ. Тэгээд ч үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүнээ зарахдаа сайндаа л фэйсбүүкдээ оруулж байна. Харин бид үүнийг нь шинэчилж, худалдаалах маркетингаас эхлээд лангууг нь хүртэл бэлдэх юм. Тэгэхээр тэд өөрийн гэсэн байнгын худалдан авагчтай болоход нь дөт болно. Үүнээс гадна энэ удаагийн арга хэмжээний төгсгөлд байгаль орчиндоо ээлтэй буяны үйл санаачилсан байгаа.
-Тодруулбал ...
-Оролцогч нараасаа хуримтлуулсан хураамжаасаа тодорхой хувийг байгаль хамгаалах чиглэлийн санд хандивлана. Энэ бол хүн бүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийх ёстой ажлын нэг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: MNB.mn
Хэн юу хэлэв...
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Хэн юу хэлэв...
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын, итгэлт түншүүдийн нэг болохыг онцлоод, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үүсгэн байгуулагч орны нэг Франц Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг дурдаад, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллаж буйгаа онцлов.

Мөн Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээр байгааг Ерөнхий сайд онцолж, уг төслийг Францын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ. Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээг энэ оны зургаадугаар сард багтаан авч, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байгааг хэллээ.
Элчин сайд Коринн Пэрера хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Францын тал өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол, Францын хөгжлийн агентлагийг Улаанбаатар хотноо байгуулах санаачилга, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төсөл, цөлжилтийн эсрэг цогц төсөл зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Хэн юу хэлэв...
Оюутолгойн өгөөжийн маргаан Рио Тинтогийн хөрөнгө оруулагчдыг сандраав уу?
Оюутолгойн асуудал Монголын эдийн засаг, улс төрийн анхаарлын төвөөс холдож байсан удаагүй. Энэ удаад ч мөн адил. Гэхдээ энэ удаагийн хэлэлцээний эргэн тойронд зөвхөн Монголын дотоод маргаан бус, олон улсын хөрөнгийн зах зээлийн хариу үйлдэл давхар ажиглагдав.
Монголын Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн гэрээний нөхцөл, төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийн талаар дахин хэлэлцээ хийх байр сууриа илэрхийлэх үеэр тус компанийн хувьцааны ханш савласан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан юм.
Хувьцаа эзэмшигчид, трейдерүүдийн форум, хөрөнгө оруулагчдын харилцааны бүлгүүдэд энэ талаар хоёр өөр хандлага ажиглагджээ. Нэг хэсэг нь Монголын талын шахалт “Рио Тинто”-гийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзсэн бол нөгөө хэсэг нь үүнийг түр зуурын улс төрийн хэлбэлзэл гэж тайлбарласан байна.
Эхний байр суурь баримтлагчдын хувьд Оюутолгойн гэрээ дахин хөндөгдөх нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэрээний нөхцөл өөрчлөгдөх, татвар, төлбөр нэмэгдэх, эсвэл төслийн үйл ажиллагаанд улс төрийн дарамт үүсэх эрсдэл зах зээлд мэдрэгдсэн гэж тэд үзэж байв.
Харин нөгөө талынхан Оюутолгой бол дэлхийн хэмжээний зэс, алтны томоохон орд тул урт хугацаандаа “Рио Тинто”-гийн үнэ цэнийг хадгална гэж харжээ. Тэдний хувьд Монголын Засгийн газрын хатуу байр суурь нь хэлэлцээний нэг тактик бөгөөд хувьцааны богино хугацааны уналт нь зарим хөрөнгө оруулагчдад эсрэгээрээ худалдан авах боломж болж харагдсан байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй уулзахдаа Оюутолгойн одоогийн хэлцэл шударга бус байна гэдгийг илэрхийлж, Монголын ард түмэн болон парламент “хууртагдсан мэт мэдрэмж” байгааг онцолсон байдаг.
Түүний хэлсэн үг хэлэлцээний өнгө аясыг илтгэж байв. Ажлын түвшинд бодит үр дүн гарахгүй бол Оюутолгой болон холбогдох ордуудын талаар цаашид ямар шийдэл гарахыг урьдчилан хэлэхэд хэцүү гэдгийг тэрбээр сануулсан. Энэ нь Монголын тал хэлэлцээний ширээнд өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай орж байгааг харуулсан дохио байлаа.
Монголын тавьж буй шаардлагын гол агуулга нь төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, Монголын ард түмэнд ногдох өгөөжийг 60 хувиас доошгүй болгох, ногдол ашгийг ойрын хугацаанд эхлүүлэх, урьдчилгаа ногдол ашиг авах, зээлийн хүүг 5-6 хувь болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж хоёр дахин багасгах зэрэг асуудлыг хөндөж байгаа юм.
Эдгээр шаардлага бол олон жилийн турш яригдсан Оюутолгойн маргааны гол цөм. Уурхай ажиллаж, экспорт үргэлжилж, дэлхийн зах зээлд Монголын зэс гарч байгаа ч Монгол Улсад бодитоор ногдох өгөөж хангалттай юу гэсэн асуулт нийгэмд байсаар ирсэн.
Гэвч нэг асуудал бий. Дотооддоо шударга өгөөжийн шаардлага гэж харагдах зүйл гадаад зах зээл дээр улс төрийн эрсдэл болон уншигддаг. Хөрөнгө оруулагчид гэрээ тогтвортой байх уу, татварын орчин өөрчлөгдөх үү, төрийн байр суурь солигдох бүрт стратегийн төсөл дахин маргааны төвд орох уу гэдгийг анхааралтай ажигладаг.
Ийм үед Монголын дотоод улс төрийн тогтворгүй байдал энэ асуудлыг улам эмзэг болгосон. Тухайн үед Ардчилсан нам бойкот хийж, төрийн ажил гацсан. Эрх баригч намын зарим гишүүд ч хуралдаа оролцохгүй, парламентын ирц бүрдэхгүй нөхцөл үүссэн. Улмаар Ерөнхий сайд огцорч, улс төрийн бойкот намжсан.
Энэ үйл явдал Оюутолгойн хэлэлцээтэй шууд холбоотой гэж дүгнэхэд хангалттай баримт шаардлагатай. Гэхдээ томоохон стратегийн төслийн хэлэлцээ өрнөж байх үед Засгийн газар солигдож, улс төрийн тогтворгүй байдал үүссэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлаас гадуур өнгөрөх боломжгүй.
![]()
Ерөнхий сайд огцорч, улс төрийн бойкот намжсан өдөр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш эргэн өссөн гэх ажиглалт ч үүнийг дагалдаж байна. Энэ нь зах зээлийн энгийн мөчлөг байсан уу, эсвэл Монголын улс төрийн дохиог хөрөнгө оруулагчид ийн уншсан уу гэдэг асуулт нээлттэй үлдэв.
Оюутолгой бол зөвхөн нэг уурхайн тухай асуудал биш. Энэ бол Монгол Улс баялгаа хэрхэн үнэлэх, гадаадын том хөрөнгө оруулагчтай хэрхэн харилцах, дотоод улс төрийн тогтвортой байдлаа эдийн засгийн эрх ашигтай хэрхэн уялдуулах тухай сорилт юм.
Монголын талын шаардлага ойлгомжтой. Баялгийн илүү шударга өгөөж Монголын ард түмэнд очих ёстой. Харин “Рио Тинто”-гийн хувьд гэрээний тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл, төслийн урт хугацааны үнэ цэнийг хамгаалах шаардлага бий.
Энэ хоёр байр суурийн дунд Оюутолгойн ирээдүйн хэлэлцээ өрнөнө. Хөрөнгийн зах зээл богино хугацаанд савлаж болно. Улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөж болно. Харин Монгол Улсын хувьд хамгийн чухал нь стратегийн баялгаасаа хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх зорилгоо тогтвортой, тооцоотой, итгэлцэл алдагдуулахгүйгээр хэрэгжүүлэх явдал юм.

Эцэст нь Оюутолгойн асуудал нэг асуулт руу эргэж очно. Монгол Улс дэлхийн хэмжээний баялгаа дотоодын улс төрийн савлагаанаас ангид, урт хугацааны үндэсний эрх ашгийн үүднээс удирдаж чадах уу.
Энэ асуултын хариу зөвхөн уурхайн гүнд бус, төрийн шийдвэр гаргах ширээн дээр байна.
М.ТОДХҮҮ
-
Дэлхий нийтээр..2023/02/28
Авлигын талаарх төсөөлөл Ази даяар зогсонги байдалд байсаар л
-
Дэлхий нийтээр..2024/06/18
Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хян...
-
Дэлхий нийтээр..2020/08/31
Усны асуудалд нухацтай хандана
-
Үйл явдал2021/12/15
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
