Тод мэдээ
Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийв

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” ХХК 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр мод, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч зугаалах газар нэгээр нэмэгдэж буй юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот урт хугацаанд 120 сая мод тарих зорилготой. Энэ жил аж ахуйн нэгж, байгууллагууд ногоон байгууламжийг нэмэх, мод үржүүлэх, ургуулах, тарих ажилд маш идэвхтэй оролцож байна. Түүнчлэн ногоон байгууламж дотроо зүлэгжүүлэлтийг нийслэлд өргөн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулж байгаа байгууллагуудыг татвараас чөлөөлөх асуудлыг төрөөс онцгойлон авч үзэх ёстой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо хангагдаж байж ногоон Улаанбаатар хот бий болж, экологийн тэнцвэр, шаардлагад нийцсэн хотын төлөвлөлтийг хийнэ. Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын нүүр царайг тодорхойлсон ногоон байгууламж бүхий газар болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.
“Олон Улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийн зөвлөх Ц.Бямбасүрэн “Яармагт байгуулж буй энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотын соёлын төв болгохоор мэргэжлийн түвшинд төлөвлөлт, зураг төслөө боловсруулан мод тарьж байна. Мод тарих соёлд уриалах, тарьц, суулгацыг тарьж ургуулах, худалдан борлуулах экспог мөн зохион байгууллаа. Хотжилт нэмэгдэх хэрээр хүмүүст ногоон байгууламж заавал шаардлагатай” гэдгийг онцолж байв.
“Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийн менежер Г.Сайнбат “Өнөөдөр нийслэлийн иргэд, манай компанийн хувьд чухал үйл явдал болж байна. Нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг бол ногоон байгууламж. Иймээс “Их үйлсийн эрэлд групп” ХХК өөрийн эзэмшлийн 35 га талбайд ногоон байгууламж байгуулах нийгмийн хариуцлагын маш том төсөл эхлүүлсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гол онцлог нь саарал ус дахин ашиглах, хог хаягдлын менежментийг шийдсэн зэрэг олон инновацын шийдэл шингэсэн юм. Мөн дөрвөн улирлын агро парк байгуулна. Энэ нь дөрвөн улирлын битүү хүлэмжүүд байх юм” хэмээв.
Иргэд модны суулгац худалдан авах, энэ талаар мэргэжлийн зөвлөгөө авах, мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламжтай болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод индэр2020/07/29
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
-
Чөлөөт бүс2023/12/12
Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлье!
-
Өнөөдөр2022/09/12
Ямар тохиолдолд цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах вэ
-
Тод мэдээ2021/01/11
УИХ-ын байнгын хороод энэ долоо хоногт...