Дэлхий нийтээр..
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга баталгаажуулан хамгаалахыг эрмэлзсээр ирсэн. Дээрх үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “гүтгэх” зөрчлийг хүчингүй болгосныг онцлов.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх” гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуульд, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. Энэ хуулийн зохицуулалтаар цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр иргэн хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шалган тогтоож, торгууль ногдуулахаас баривчлах хүртэл төрийн албадлага хэрэглэх шийдвэр гаргаж хүртэл байгаа. Иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг зөрчлийн хуулиар хамгаалж, нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон байна.
Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх заалтын “, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” гэснийг хасах нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг боловсруулсан гэв.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс Монгол Улс хүний эрхийг хангах чиглэлээр НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэгтэй. Улсын Их Хурлаас Зөрчлийн хуулийг анх батлахдаа иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгох үзэл баримтлал баримтлаагүй. Гэдгийг тодотгоод Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ашиглан хэчнээн хүн торгосныг тодруулж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа, Хуулийн төслийг боловсруулах үед цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл буюу “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” зөрчилд 2020 онд 335 хэрэг шийдвэрлэхдээ 292 хүнийг, 64 хуулийн этгээд торгож шийдвэрлэсэн бол 2021 оны 11 сарын байдлаар 368 хэрэг шийдвэрлэсний 317 нь хувь хүнийг, 15 хуулийн этгээдийг холбогдуулан торгож шийтгэсэн байна. Үүнээс үзвэл хүний эрхийн зөрчил их байна гэж үзэж болохоор байгааг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх боломжтой гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, хүний нэр төрд халдаж буй үйлдлийг зогсоох, хоёрдмол утгагүйгээр хэлбэрэлтгүй хэрэгжих зохицуулалтыг оруулахад анхаарах шаардлагатайг хэллээ.
Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
