Тод мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 9 тусгай сургууль цэцэрлэг, 1095 ердийн сургууль цэцэрлэг, насан туршийн боловсролын төв болон явуулын багш нар боловсролын үйлчилгээ хүргэдэг.
Явуулын багшийн үйлчилгээнд 307 суралцагч хамрагдаж байна. СӨБ болон ЕБС-д суралцаж байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 68 хувь нь тохируулгат орчин нөхцөл бүрдээгүй ердийн сургуульд суралцаж байна. ЕБС-д суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэжй суралцагчид сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашигладаг. Сонгсголын бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, дохионы хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлээд байна.
2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдаж өнөөдрийг хүртэл 66 мэргэжлийн багш төгсгөжээ. 2022-2023 оны хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Багш бэлтгэх сургуулийн нийт оюутнууд “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” хичээлийг сонгон судалдаг. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлд онцгой анхаарч байна. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 15 зүйл 29 заалт тусгаад байгаа юм. Мэргэжлийн байгууллагуудын оролцоотой эрт илрүүлгийг сайжруулах, салбар дундын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, боловсролын түвшин бүрд тэгш хамран сургалтыг дэмжих нэгж байгуулах зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.
Мөн цогц үйлчилгээг хүргэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн арга замыг баталгаажуулах, санхүүжилтийн салбар дундын механизм бий болгох, өртөгт суурилсан зардлыг нэвтрүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулахаар ажиллаж байгаа юм.
Боловсролын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дараагийн шатанд дэвшин суралцах, хөдөлмөрийн зах зээлд гарах, амьдралд бэлтгэх, чиг баримжаа олгох үйлчилгээг нэвтрүүлэх, бүх шатны боловсролын байгууллагад үнэгүй суралцах боломжоор хангахаар зорьж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Тод мэдээ
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан.
Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 07-ны өдөр хуралдлаа.
Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм.
Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын сайд болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажил, дүгнэлтийн талаар танилцуулав.
Ийнхүү ослын дүгнэлттэй холбоотойгоор нарийвчлан тодруулах шаардлага бүхий мэдээллийг цуглуулан, энэ долоо хоногийн баасан гарагт буюу тавдугаар сарын 10-ны өдөр дахин хуралдахаар болов.
Тод мэдээ
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал боллоо
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн хурал 2024 оны тавдугаар сарын 06-ны өдөр боллоо. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хурлыг нээхдээ манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов.
Монгол Улс 2023 онд ФАТФ-ын 8 дугаар зөвлөмжийн үнэлгээгээ ахиулснаар ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн анхны орон (зөвлөмж 15 шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн 5 дахь орон болсон. Өнөөдрийн ээлжит хурлаар нийт 7 асуудал хэлэлцэв.
Тодруулбал, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн уулзалтад оролцсон болон Монгол Улсын 2024 оны явцын тайланг хүргүүлсэн талаар уулзалтын эхэнд танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн олон улсын түвшинд авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар, Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхэд шинээр үүсэж буй эрсдэлийн талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өглөө.
Хурлын төгсгөлд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хэмжээнд хэрэгжих арга хэмжээний төлөвлөгөөний 2023 оны биелэлт” болон бусад асуудлыг хэлэлцэн, Үндэсний зөвлөлийн гишүүд санал солилцов гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг хүлээлгэн өглөө.
Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулсан, хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай.
Номын удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга, агуулгыг нь ойлгомжтой байдлаар тайлбарласан юм.
Номыг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран 2022-2023 онд, жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирдсан.
“Монголын нууц товчоон” нь Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүний амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээлд тооцогддог.
Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.
“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.
Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн юм.
Мөн номын сангуудад Угсаатны зүйч Б.Отгонбаатарын “Монголын угсаатны зүйн судалгаа I, II” ботийг хүлээлгэн өглөө.
I ботид монголчуудын оршуулгын зан үйл (ХХ зуун), малчдын нүүдэл, нүүдэллэх уламжлал (ХХ зууны эцсээс ХХI зууны эхэн) зэрэг нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл, дурсамж, II ботид хээрийн шинжилгээ, эх хэрэглэгдэхүүн болон дурсамж зураг зэрэг багтжээ.
-
Тод мэдээ2023/04/12
Бүгд Найрамдах Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдтай у...
-
Тод индэр2020/09/09
Тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
-
Тод мэдээ2022/05/05
”Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарлаа
-
Тод мэдээ2023/06/21
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Сэтгэгдэл