Хэн юу хэлэв...
Хятадын эдийн засаг ба нааштай төлөв
Эдийн засгийн ерөнхий төлөв
Олон улсын валютын сангийн таамгаар 2020 онд дэлхийн эдийн засгийн өсөлт цар тахлын улмаас -4.9 хувьтай гарахаар байна. Эхний хагас жилийн байдлаар цар тахлын үзүүлсэн эдийн засаг дахь нөлөөлөл таамаглаж байснаас хүнд туссан, буцаж сэргэх явц ч таамагласнаас удаан байна гэжээ.
Энэ жил дэлхийн хөгжингүй болон шинээр сэргэж буй томоохон эдийн засгууд бүгд хасахтай гарч байгаа бөгөөд ганцхан улсын эдийн засаг нэмэх өсөлттэй байгаа нь Хятад аж. Хятадын эдийн засаг 2020 онд 1 хувиар өсөх төлөвтэй гэж Олон улсын валютын сан 6 дугаар сард гаргасан тайландаа дурджээ (Хүснэгт 1-ийг үзнэ үү).
Хүснэгт-1

Эх сурвалж: Олон улсын валютын сан
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян энэ оны 5 дугаар сард тавьсан Засгийн газрын тайлан илтгэлдээ энэ жил ковид-19 гарсантай холбоотой нийгэм эдийн засгийн тодорхой бус хүчин зүйлс их байгаа тул улсынхаа эдийн засгийн өсөлтийг тоон хувиар илэрхийлэх зорилт тавихгүй гэдгээ зарласан юм. Өнгөрсөн жил буюу 2019 онд Хятадын ДНБ 6.1 хувиар өссөн, ажилгүйдэл 5.3 хувьтай, инфляц 2.9 хувьтай, олон улс дахь орлого зарлага тэнцвэртэй, эдийн засгийн ерөнхий дүн нуруу тогтвортой байжээ. Харин 2021 онд дэлхий даяар эдийн засаг аажмаар сэргэнэ гэж таамаглаж байгаа ба Хятадын эдийн засгийг хамгийн өндөр буюу 8.2 хувиар өснө гэсэн таамаг ОУВС гаргасан.
Ковид-19-ийн эсрэг Хятадын авч буй арга хэмжээ
2020 оны цар тахал улс орнуудад асар хүнд цохилт учруулж байгаа ч Хятад улс эдийн засгийн аливаа сорилтод бусад орныг бодвол харьцангуй сайн бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Учир нь 2018 оноос эхэлсэн Хятад, АНУ-ын худалдааны дайн аль хэдийн Хятадын эдийн засагт ковид 19-өөс өмнө сорилт учруулаад байсан юм. Үүний хариу арга хэмжээ болгож Хятадын засгийн газар 2018 оны 7 дугаар сард “Зургаан тогтворжилт”-ийн бодлого дэвшүүлсэн. Үүнд: ажлын байр, санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, төлөвлөгөөт ажлууд гэсэн зургаан зүйлийг тогтвортой хадгалан барих бодлого хэрэгжүүлэв. Уг бодлогын үр дүнд худалдааны дайнтай байсан ч 2019 онд эдийн засгаа 6.1 хувиар өсгөж чаджээ.
Гэвч хоёр дахь том цохилт 2020 онд ковид 19-ийн нөлөөнөөс ирж Хятадын эдийн засаг нэлээд хүндрэн агшиснаар эхний улиралд гэхэд ДНБ-ий өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар буурсан аж.[2] Ингээд эдийн засагт авах дараагийн арга хэмжээг төлөвлөж, энэ оны 4 дүгээр сард “Зургаан хадгалалт”-ын бодлого дэвшүүлэв. Үүнд: ажлын байрыг, иргэдийн амьжиргааг, зах зээлийн гол голдирлыг, хүнс эрчим хүчний аюулгүй байдлыг, үйлдвэрлэлийн тогтвортой гинжин хэлхээг, суурь шатны дотоод эргэлтийг тус тус тогтвортой хадгалах явдал бөгөөд энэ хүрээнд арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр болжээ.
Эдгээр бодлоготой уялдаж буй гол субьект нь жижиг дунд ААН-үүд болж байна. Учир нь ДНБ-ий өсөлтийн 60 хувийг жижиг дунд ААН-үүд бий болгодог, ажлын байрны 80-аас илүү хувийг тэд бүтээдэг. Гэтэл цар тахлын үеийн нийгмийн тусгаарлалт зэрэг нь жижиг дунд ААН-үүдэд хамгийн хүндээр тусаж, орлого тасалдан хаалгаа барихад хүргэж байгаа тул үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нь дээрх “зургаан тогтворжилт”, “зургаан хадгалалт” бодлогоос харагдаж байна.
Хятадын эдийн засгийн талаарх цаашдын таамаг
Ковид 19-ийн үед явуулж буй дээрх бодлогын нөлөөгөөр Хятадын эдийн засаг аажим өсөх хандлагатай байгаа гэж эдийн засгийн шинжээчид үзжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан Хятадын эдийн засгийн талаарх таамаг Олон улсын валютын сангийнхыг бодвол илүү өөдрөг дүр зурагтай байна. 2020 онд Хятадын эдийн засаг ковид 19-ийн улмаас унаж 2.3 хувиар л өсөх боловч 2021 онд буцан сэргэж 7.3 хувиар өснө гэж таамаглажээ.[3] Үүнтэй ойролцоо гарсан бас нэг таамаг нь Ройтерс агентлагийн судалгаа бөгөөд Хятадын эдийн засаг сая хоёрдугаар улиралд 2.2 хувиар өссөн, гуравдугаар улиралд 5.2 хувь, дөрөвдүгээр улиралд 6.1 хувиар өсөж магадгүй гэжээ.[4] Гэхдээ энэ нь Хятад АНУ-ын консулын газруудын хэрэг дэгдэхээс өмнө хийсэн судалгаа аж. Ер нь эдүгээ олон улсын нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж, тодорхойгүй хүчин зүйлсийн нөлөө хэтэрхий их байгаа нь аливаа судалгаа таамаг дэвшүүлэхэд бэрхшээлтэй, эсвэл таамгууд хоорондоо зөрөхөд хүргэж байна. Гэсэн ч аль ч судалгаагаар Хятадын эдийн засаг 1 хувиас дээш өсөлттэй байж ирэх жил сэргэнэ гэсэн нийтлэг дүр төрхтэй байна.
Эрсдэл: Хятадын эдийн засаг дахь хамгийн том эрсдлийг мэдээж ковид-19 цар тахлын дахин дэгдэлт гэж үзэж байна. Түүнчлэн Хятад, АНУ-ын харилцаа хурцдах, ААН-үүдийн ашиг буурах зэрэг хүчин зүйлс нь ААН-үүдийн хөрөнгийн зардлыг нэмэгдүүлснээр худалдаа, үйлдвэрлэлд дарамт урчуулж болзошгүй гэж эдийн засагчид үзжээ.[5] 2020 оны сүүлийн хагас жилд таагүй хүчин зүйлсийн нөлөө ар араасаа гарч ирснээр Хятадын эдийн засаг сэргэх явц удааширж ч магадгүй. Үүнд цар тахлын тусгаарлалт нь зах зээл дэх эрэлт сэргэхэд таагүй нөлөөлнө. Эдийн засаг буцаж сэргэх явцыг удаашруулж буй өөр нэг гол шалтгаан нь экспортыг сэргээхэд асар хүндрэлтэй байх болно, өмнөх жилүүдийнх шиг эдийн засаг сэргэхэд дагаад экспорт шууд өсдөг шиг байдал бий болохгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнх шиг өндөр байхгүй гэж Бээжингийн их сургуулийн профессор Хуан Үйпин дүгнэжээ.[6]
Цаашид Хятадын эдийн засгийн хөгжилд сайнаар нөлөөлж болох хоёр зүйл байгаа нь нэгд дотооддоо эрэлтийг сайтар бий болгосноор өсөлтийг дэмжих гол хүч болно, хоёрт дижитал эдийн засаг цаашид ихээхэн үүрэг гүйцэтгэх хандлагатай, энэ нь магадгүй хөгжлийн шинэ түлхэх хүч болох болно гэжээ.
Эдийн засгийн байдал ба Хятадын нүүрсний импорт
Эдийн засгийн өсөлт эрс саарсныг дагаад Хятадын нүүрсний хэрэглээ эхний дөрвөн сарын байдлаар 6.8 хувиар буурчээ. Ингээд Хятадын нүүрсний том компаниуд үйлдвэрлэлээ 4 сая тонноор бууруулсан байна. Хятадын Нүүрсний нийгэмлэгээс гаргасан “2019 оны нүүрсний салбарын жилийн тайлан”-д 2020 оны төлөвийн талаар таван зүйлийг тодотгожээ. Нэгд нүүрсний эрэлт буурч байна, хоёрт нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байна, гуравт нүүрсний нөөцлөлт нэмэгдэж байна, нүүрсний үнэ буурч байна, нүүрсний эдийн засгийн үр ашиг буурч байна гэсэн таван хандлагыг 2020 оны онцлогоор тодорхойлсон байна.[7]
Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл буурч байгаа хэдий ч гадаадаас авах импорт буураагүй аж. 2020 оны эхийн хагас жилд нүүрсний импорт өсөж, 174 сая тонн нүүрс импортлосон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 12.7 хувиар өссөн дүн бөгөөд голлон Индонез, Австратли, ОХУ, Монгол, Филлипин зэрэг улсаас импортлосон байна. 2019 оныхтой харьцуулахад импорт хийсэн орнуудын бүтэцэд ОХУ Монголыг гүйцэж гурвдугаарт орох болсон өөрчлөлт гарчээ.
Эхний хагас жилийг бодвол энэ оны сүүлийн хагас жилд аж үйлдвэр, эдийн засгийн аажим сэргэх дээрх таамгийн дагуу нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ бага зэрэг өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна Хятадын нүүрсний нийгэмлэг.[8]
Гэвч энд анхаарууштай нь эдийн засаг хэвийн өсөлттэй байсан 2019 онд 300 сая тонн нүүрс импортлосон гэдгийг тооцвол энэ жил хэдийнээ 174 сая тонныг импортлочихоод байгаа. Тэгэхээр сүүлийн хагас жилд импортыг 100 гаруй сая тонноос хэтрүүлэхгүй, мөн нүүрс импортолж буй боомтуудын хяналт нэвтрэлтийг сулруулах найдвар бага гэж үзэж болно. Цаашид Хятад улс нэмэгдэж буй нүүрсний эрэлтээ дотоодын үйлдвэрлэлээр хангах бололтой.
Эдгээрийг нэгтгээд харвал хэдийгээр цар тахал дэгдэж эдийн засаг агшиж байсан ч Хятадын нүүрсний импорт нэмэгдсэн шалтгаан нь үнэ хямдарсантай холбоотой бөгөөд сүүлийн хагас жилд эдийн засаг сэргэж нүүрсний үнэ нэмэгдэх үеэр дотоодын үйлдвэрлэлдээ түшиглэх гэсэн бодлого барьж байж магадгүй юм.
[1] World Economic Outlook Update, June 2020 https://www.imf.org/en/Publications/WEO/Issues/2020/06/24/WEOUpdateJune2020
[2] 2020年一季度国内生产总值(GDP)初步核算结果http://www.stats.gov.cn/tjsj/zxfb/202004/t20200417_1739602.html
[3]新冠肺炎疫情或导致2020年中国经济增速急剧下滑,2021年有望回升 https://www.adb.org/zh/news/prc-growth-fall-sharply-2020-due-covid-19-recover-2021
[4]调查:中国今年经济增速预估上修至2.2% 中美关系等仍是不稳定因素 https://cn.reuters.com/article/poll-china-economy-gdp-us-relation-0724-idCNKCS24S018
[5] 调查:中国今年经济增速预估上修至2.2% 中美关系等仍是不稳定因素 https://cn.reuters.com/article/poll-china-economy-gdp-us-relation-0724-idCNKCS24S018
[6]黄益平:疫情后中国经济的两大亮点和两类风险 https://vip.jianshiapp.com/articles/3595168
[7]中国煤炭工业协会发布《2019煤炭行业发展年度报告》 预测下半年煤炭需求好转 http://news.cnstock.com/news,bwkx-202005-4533131.htm
[8] 2019 年中国煤炭工业经济运行报告 http://lwzb.stats.gov.cn/pub/lwzb/gzdt/202005/W020200528770641842151.pdf
Хэн юу хэлэв...
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Хэн юу хэлэв...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ.
Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.
Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:
•260 орчим орон тоог оновчтой болгож,
•захиргааны зардлыг 10 хувь,
•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж,
•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна.
Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
