Тод мэдээ
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК экспортоо дахин эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, төрд буцаан авч, удирдлага менежментийг шинэчилснээс хойш найман сарын хугацаа өнгөрч байна.
Концесс эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн үйлдвэрлэлийн хэвийн ажиллах горим алдагдсан байсныг үе шаттайгаар засан сайжруулсаар өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж байна. Тус компанид өнөөдрийн байдлаар 1536 ажиллагсад ажиллаж байгаагаас 49 хувь нь гангийн үйлдвэрт, 51 хувь нь уурхайд ажиллаж байгаа юм.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нь жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Компанийн менежментийн багаас өнгөрөгч сард гангийн үйлдвэр болон, Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж үйлдвэрийн ажилтнуудад төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцон олгож эхэллээ.
Түүнчлэн 2022 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн бүтээгдэхүүний экспортыг дахин эхлүүлж эхний ачилтуудаа хийж байна. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллаж байх үед сүүлийн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн экспортын эхний ачилт ид явагдаж байлаа.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав Төмөртэй уурхайн дарга Б.Золзаяатай онлайнаар холбогдож ачилтын явц байдлыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт дүрсээр харууллаа. Сайд Ж.Ганбаатар, хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч богино хугацаанд экспортоо эхлүүлж чадсан Дарханы төмөрлөгчүүдэд баяр хүргээд үйл ажиллагаагаа улам илүү эрчимжүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагаанд анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын бүрэлдэхүүн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр галт тэрэгний зүтгүүрийн асуудлыг шийдвэрлэж, вагон эргэлтийг нэмэгдүүлэх, вагоны засварыг шуурхай зохион байгуулах тал дээр анхаарч ажиллаж байна гэж Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК мэдээллээ.
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.
-
Тод мэдээ2023/04/21
ЭЗБХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төсл...
-
Тод индэр2023/02/03
Зудын эрсдэл, нөлөөллөөс хүүхэд багачуудаа хамтдаа хамгаалцгаая
-
Тод мэдээ2020/02/29
Булган аймгийн Ардчилсан намын удирдлагууд 1000 хонь хандивлана
-
Өнөөдөр2021/05/08
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан