Дэлхий нийтээр..
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг УИХ-ын даргад уламжлав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжиллаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж заасны дагуу “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг боловсруулсан байна.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг 10 жил буюу дунд хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 7 зорилго, 13 зорилт, 98 арга хэмжээ, 135 шалгуур үзүүлэлттэй байхаар тусгажээ. Тодруулбал, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийн санал нь дараах 7 зорилгоос бүрдэж байна. Үүнд:
Зорилго 1. Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлнэ.
Зорилго 2. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ.
Зорилго 3. Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.
Зорилго 4. Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлнэ.
Зорилго 5. Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Зорилго 6. Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлнэ.
Зорилго 7. Хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ.
Тогтоолын төслийн санал батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал дээшилж, шүүхэд мэдүүлэх иргэний эрх хангагдана. Мөн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал хангагдаж, хариуцлагатай шүүх төлөвших төдийгүй иргэн төвтэй шүүхийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.
Түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежмент сайжруулж, мэдээллийн технологийн дэвшил, орчин үеийн программ хангамж, удирдлагын систем, хиймэл оюун ухааны хэрэглээнд үндэслэсэн, цахимжсан шүүхийн шуурхай, ил тод үйлчилгээ нэвтрүүлэх зорилтыг төсөлд оруулсан байна.
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлсэн. Мөн "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд “Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө.” гэж заасан үр дүнд хүрэх, 2031-2040 онд “Иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно.” гэсэн үр дүнгийн суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шүүх эрх мэдлийн хөгжлийн 2024-2034 онд хэрэгжих зорилтот хөтөлбөр байхаар тусгасан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг танилцуулав.
Төслийг боловсруулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналуудыг нь авч тусгажээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаас 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүхийн тогтолцоог ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчлэх алхмууд хийгдэж, улс төрөөс хараат томилгоог өөрчилсөн. Томилгооны сонсголыг хийж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад эрх зүйн зохицуулалттай болгосон. Гэвч хуулийн зарим зүйл, заалт хэрэгжихгүй байна. Хүний эрхэд суурилсан иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг нэвтрүүлэх, хуулийг нэр мөр ойлгож хэрэглэх, иргэдэд богино хугацаанд чирэгдэлгүй шүүхийн үйлчилгээг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн сануулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2025/11/25
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг да...
-
Дэлхий нийтээр..2024/06/07
Нүүдлийн эмнэлгийн баг Завхан аймгийн 7 суманд ажиллаад ирлээ
-
Дэлхий нийтээр..2021/03/27
СКАЙтел ХХК “100 бэлэг авах 100 хэрэглэгч”-ийг тодруулна
-
Үйл явдал2021/01/08
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.01.08/
