Үйл явдал
Т.Бадрал: Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэрийг гаргалаа
Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Хилийн чанадаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг УОК-оос өглөө. Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ. Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ. Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдана. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 06 дугаар сарын 01-нд хүлээж авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарсан. Мөн энэ сардаа багтаан бүх эрүүл мэнд, УОК-ийн гишүүн байгууллагуудыг оролцуулж “COVID-19” тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар дадлага сургуулийг зохион байгуулна. Түүнчлэн нүүрс экспортод тээвэрлэж байгаа жолоооч 14 хоног ажиллаж 14 хоног амардаг. Ээлж нь дууссан жолооч нарыг тухайн кэмпэд нь тусгаарлах нь зөв гэж шийдсэн. Гадаадаас иргэдээ авах асуудлыг УОК хуралдаж, шийдвэрээ гаргадаг болсон. Өнөөдрийн хувьд БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэр гаргалаа. Гадаадаас ирэх гэсэн хүсэлтэй иргэдийн тоо 8000 хүрсэн байна” гэлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд нэг хүндрэл байна. Тухайлбал, хаяг дээрээ байхгүй тохиолдол гарсан. Бид Иргэний бүртгэлийн ерөнхий газартай хамтарч ажиллаж байгаа. Иргэдийнхээ бүртгэлийг сайжруулж ажиллаж байна. Тусгаарлах байрнаас гараад Эрдэнэтэд таван иргэн гэртээ хариагүй удсан тохиолдол гарсан. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүст хариуцлага тооцсон.Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлагатай байгаач гэж хэлмээр байна” хэмээлээ.
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Нэгдүгээрт, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв. Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 аж, ахуйн нэгж хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-аас аваагүй байсан нь тогтоогдсон. Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалтыг эхлүүлээд байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжлээ
Засгийн газрын тогтоолын дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид ажлын шинэ зохион байгуулалтад шилжин, долоо хоногт дөрвөн өдөр ажлын байран дээр ажиллаж, нэг өдрийг зайнаас буюу цахимаар ажиллах горимд орлоо.
Шинэ зохицуулалтын хүрээнд байгууллагууд ажлын ачаалал, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах үүднээс дотоод зохион байгуулалтаа өөрчилж, албан хаагчдыг ээлжлэн цахимаар ажиллуулах байдлаар хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буй юм.
Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, мөн төрийн албан хаагчдын бүтээмж, ажлын уян хатан нөхцөлийг сайжруулахад чиглэж байна. Түүнчлэн цахим ажлын соёлыг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын дижитал шилжилтийг эрчимжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Харин иргэдэд үзүүлэх үйлчилгээний хувьд зарим байгууллага харилцан адилгүй зохицуулалт хийж болзошгүй тул холбогдох байгууллагын мэдээллийг урьдчилан шалгахыг зөвлөж байна.
Үйл явдал
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулсан байна.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцсоноор нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлжээ.
Энэхүү ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, барьцаа хөрөнгийн төвлөрөлд тогтмол хяналт тавьж ажиллахаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Үйл явдал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил,
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жагдагийн Оюунбаатар,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Батжаргал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан,
- Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржраагийн Мөнхтөр,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даваахүүгийн Баттөр,
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж
-
Дэлхий нийтээр..2023/03/03
“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа
-
Дэлхий нийтээр..2023/04/10
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх сард эхэлнэ
-
Хэн юу хэлэв...2021/09/22
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
-
Дэлхий нийтээр..2024/06/19
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээл-Шийдэл гарц&rd...
