Хэн юу хэлэв...
Д.Баянцэцэг: Миссүүдийн маань амжилт бидний ажлын үр дүн болдог
“...Шагнал гэдэг хийсний учир, хийхийн учир хоёрын уулзвар дээр өгдөг зүйл юм” Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн агсан нэгэнтээ хэлсэн нь бий.
Өнөөдөр Монгол улсад Соёл урлагийн байгууллагын ажилтны баярын өдрийг тэмдэглэх өнгөрүүлж байна. Тодруулбал, жил бүрийн 9-р сарын хоёрдугаар долоо хоногт энэхүү өдрийг тэмдэглэх болсоор 28 жил болжээ. Харин эл өдрийн тухайд хийж бүтээсэн ажил үйлсээрээ тэргүүлэгч олон залуу энгэрээ мялаасны нэг нь “Мисс Монголиа” холбооны гүйцэтгэх захирал Д.Баянцэцэг байлаа. Бид энэ баярт мөчид түүнтэй ярилцсанаа хүргэж байна. Өөрийнх нь хэлснээр “Монгол эх орноо Олон улсад сурталчлан таниулж, Монгол өв соёлоо мэддэг, гоо зүй, ёс зүйтэй, хүнлэг иргэнийг бэлтгэх энэ их үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа бидний хамт олонд өгч буй маш том урам гэж бодож энэхүү шагналаа хүндэтгэлтэйгээр салбарын сайдаасаа гардан авсан” тухайгаа ийнхүү ярьж байна.
-Баяр хүргэе. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Шагнал юу дагуулж ирдэг юм бол оо?
-Маш их баярлалаа. Сэтгэл санаа тайван, аз жаргалтай үед ээ бусадтай ярилцаж дотроо уудлах чинь нэг талаасаа Окситоцин /Хайрлах,уучлах, өрөвдөж нигүүлсэх, туслах, бусдаас сайхан сэтгэл мэдрэх үед уг даавар илүү ялгарна мөн тэврэх үед.../ ялгаруулж байгаа юм шүү. /инээв.../
...Шагнал юу дагуулж ирдэг вэ гэж үү...?
Хариуцлага, хүндлэл, урам зориг, хичээл зүтгэл зэргийг урьд урьдынхаас илүү мэдрүүлдэг юм байна. “Мисс Монголиа” холбоо энэ жил 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн нэгэн үеийг өсгөн хүмүүжүүлж, бойжуулаад байна гэсэн үг. Тэртээ 2004 оноос манай тэмцээнд оролцож байсан жоохон охид өнөөдөр салбар бүртээ нийгэмд үлгэр дуурайлал болсон манлайлагч, төрийн хариуцлагатай албан хаагч, урлаг соёлын нэртэй, мөртэй зүтгэлтнүүд, ухаалаг, хариуцлагатай сайхан ээж нар болжээ... Өнгөрсөн хугацаанд тэднийхээ зүрх сэтгэлийг мэдэрч нэг хэсэг нь байж, нэг баг болж чадсан нь “Мисс Монголиа” холбоо, бидний үнэт зүйл билээ.
Мөн 17-н жил Монгол эх орноо Олон улсад сурталчлан таниулж, Монгол өв соёлоо мэддэг, гоо зүй, ёс зүйтэй, хүнлэг иргэнийг бэлтгэх энэ их үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа бидний хамт олонд өгч буй маш том урам гэж бодож энэхүү шагналаа хүндэтгэлтэйгээр салбарын сайдаасаа гардан авлаа.
Соёлын салбар биеэ даасан шинэ яамтай боллоо, Шинэ сайд, шинэ баг хамт олон одоо бидний бор зүрхээрээ зүтгэж ирсэн энэ ажил үйлсийг маань ойлгож дэмжиж, Дэлхийд Монгол соёлоо сурталчлан хамтарч ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа энэ дашрамд дурдмаар байна.
Энэ өнцгөөс харахаар энэхүү шагнал нь маш том урам зориг, итгэл үнэмшил, бүтээх эрмэлзэл дагуулсан зүйл боллоо.

- Баянаа захирал, Мисс Монголиа гэдэг нэр нэг юм шиг сонстох болсоор 10 гаруй жил өнгөрчихжээ. Тухайн үед яагаад миссийн тэмцээн зохион байгуулъя гэж бодсон юм бэ?
- Албан уулзалтанд ихэвчлэн хүмүүс Мисс Монголиа, Баянаа захирал гэж дууддаг ч би үнэндээ захирал гэж цоллуулах, ер нь л нэр хүнд албан тушаалд тийм ч их ач холбогдол өгдөггүй хүн. Пи Ар муутай гэх үү /инээв.../
Би чинь хөлд эвтэйхэн гутлаа өмсөөд охидынхоо дунд ороод л гүйчихдэг, зовлон жаргалыг нь дотор нь орсон юм шиг л мэдэрнэ дээ. /инээв../ Сайн удирдагч байхын тулд эхлээд сайн менежер байх хэрэгтэй. Хамгийн сайхан охид бүсгүйчүүдийг тайзнаа олж нээж гаргахын тулд хамгийн халгамаар, шантармаар хэцүү ажлыг бид хийдэг. Тиймдээ ч миссүүдийн маань амжилт бидний ажлын үр дүн болдог гэж боддог.
Мисс Монголиа тэмцээн анх зохион байгуулагдах болсон тухайд гэвэл миний төрсөн эгч “Мисс Монголиа холбоо” ТББ-ын тэргүүн Д.Сумъяа 2004 онд энэхүү холбоог үүсгэн байгуулж, анхны тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед тэргүүн маань Дэлхийн соёлын нийгэмлэгийн гишүүн, тэр утгаараа дэлхийд Монгол соёлоо сурталчлан таниулах зорилгоор энэхүү тэмцээнийг эхлүүлсэн түүхтэй. Гэтэл эхний жилүүдэд Шилмэл загвар агентлаг нилээн хүчтэй оролцоотой байлаа. Тухайн үедээ л монополь агентлагийн тэмцээн мэт болж нэг хүний удирдлаганд ороод шуудхан хэлэхэд дизайнеруудын холбооны араас орж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Нөгөө л Мянганбаярын тэмцээн үү гэж мэр сэр хүртэл яригддаг байв. Тэр үед залуу хүний хор шар мөн дээр нь эгчийнхээ үүсгэн байгуулсан энэ ажлын нэрийг хугалахгүй юм шүү гэсэн бодлоор манай ууган мисс Ч.Содтуяатайгаа хамтраад холбоогоо ч, тэмцээнээ ч салгаж аваад өөрийн гэсэн зорилготой, үнэ цэнэтэй, тусдаа зүйл гэдгийг тухайн үеийн хамтрагчиддаа ойлгуулж нэг талаасаа их зориг, эрсдэл гаргасан алхам хийж байлаа. Тэр үеэс л ажилдаа жинхэнэ утгаараа дурлаж, шатаж эхэлсэн дээ...17-н жил тасралтгүй тэмцээнээ зохион байгуулж Монголынхоо нэр хүнд, түүх соёлыг миссүүдээрээ дамжуулж дэлхийн гоо сайхны олимпод сурталчилж явна аа.

- Жилээс жилд тэмцээний цар хүрээ өргөжиж байгаа. Анхны тэмцээний тухай сайхан дурсамжаасаа сонирхуулаач?
-Мэдээж хэрэг тэмцээн маань цар хүрээгээ тэлсээр байна. Анх загварын агентлагийн охид ордог байсан, төд удалгүй үндэсний ялагч тодруулдаг болж Монгол орон даяар бүртгэлээ хийж өнцөг бүрээс оролцох боломжтой болсон. Мисс Монголиа холбоо 15-н жилийнхээ ойгоор тэмцээнээ Олон улсын статустай болгон өргөжүүлсэнээр Монгол, Халимаг, Буриад, Тува, Өвөр Монгол ...гээд Монгол Үндэстний Гоо Бүсгүй шалгаруулах тэмцээн болтлоо өргөжөөд байна. Цаашид ч бидэнд төлөвлөсөн ажил төсөл хөтөлбөрүүд, хүсэл тэмүүлэл их бий...

Оролцогчдын хувьд мисс: Ч.Содтуяа /2004 он/, Б.Гантогоо /2005 он/, Д.Болортуяа /2006 он/, Б.Гэрэлчулуун /2007 он/, О.Хулангоо /2008 он/, Х.Бадамгэрэл /2009 он/, Х.Бадамцэцэг /2010 он/, И.Төгсөө /2011 он/, Д.Долгион /2012 он/, Н.Ану /2013 он/, Ю.Балжидмаа /2014 он/, Ц.Аззаяа /2015 он/, А.Сайхантамир /2017 он/, Б.Мөнхчимэг /2018 он/, Д.Виктория /2019 он/, Ж.Гүнжидмаа /2019 он/ нарын гайхалтай охид, бүсгүйчүүдээс маань 17 жилийн туршид Дэлхийн гоо сайхны олимпоос шагнал хүртсэн миссүүд, Азийн мисс, Азийн хатан хаан мисс, Дэлхийн оюутан миссийн тэргүүн титэм болон Дэлхийн топ тэмцээнүүдээс дэд байр, гутгаар байр, тусгай шагнал гээд нэрлээд байвал энэ жагсаалт мөд дуусахгүй ээ... Тийм болохоор бид дэлхийд данстай, эх орныхоо нэрийг сурталчилж яваа соёлын томоохон салбар гэж боддог.
- Тэмцээний үеэр өөртэй тань хэд хэдэн удаа уулзсан нь бий. Тэр тоолондоо л таны дотор 16-20 настнууд “амьдардаг” байх гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Ер нь мисс гэж хэн юм бэ?
- Хүмүүс мисс гэхээр гоё охин, гоё бүсгүйн тухай боддог. Гэхдээ энэ гоё гэдэг үгний ард их олон юм багтах гээд байна л даа. Миссийн тэмцээний зургаан номинацитайгаа холбож тайлбарлахад, яагаад мисс оюунлаг гэж номинаци байгаа юм бэ. Сайхан хүүхэн хоосон толгойтой гэж хэлэгдэх цаг хоцорсон. Тиймээс ч үүх түүх, нийгэм, орчин цаг, гадаад хэл гээд мэдээллийн энэ эрин зуунд бүх талын мэдлэгтэй байж мисс оюунлаг шалгуурыг давдаг байх жишээний. Мисс спорт гэхэд аливаа спортын цаана ямар их олон цагийн бэлтгэл, тухайн хүний тэвчээр хатуужил, зөв амьдралын хэмнэл гээд багтсан байдаг билээ.
исс авьяасын тухай ярихад хүн бүрт авьяас бий. Гэхдээ тэрийгээ олж харсан үгүй нь хамгийн чухал. Тэгэхээр энэ номинацийг давж авьяасаа нээсэн охид олон бий. Мисс фото бол өөрийгөө болон орчноо, тухайн үзүүлэх гэж байгаа үйл явдал, характераа, магадгүй сурталчилж байгаа бүтээгдэхүүнээ нэгтгэж мэдэрч чадсан хүн хамгийн зөвөөр зурган дээр гардаг. Энэ болгоныг тооцно гэдэг ухаан юм. Мисс модель нь өмсөж байгаа хувцсаа болон тухайн дизайнерын юу бодож сэтгэж урласныг харуулж, олонд анхны мэдрэмжийг өөрөөрөө дамжуулан бусдад хүргэдэг. Мисс бикини бол тодорхой шүү дээ. Эцэст нь энэ бүгдийг хослуулж чадаж гэмээнэ мисс болно. Зургаан номинаци буюу зургаан мэдрэмж мэдрэхүйгээ зэрэг хөгжүүлж, зэрэг ажиллуулж, ухаантай зөв тооцоо хийж чадсан хүн ялагч болдог. Зөв тооцоолж чадсан хүн баргийн юманд бүдэрдэггүй. Тэрний дараа ч мисс гэдэг нэрээ хадгалж, эх орондоо төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг юм. Ер нь тэгээд эмэгтэй хүн болгон дотоод сэтгэлдээ мисс шиг байх ёстой гэж боддог.

- Энэ олон жил үнэнчээр /тууштайгаар/ Мисс Монголиа тэмцээнийг зохион байгуулж ирлээ. Амар ажил гэж байдаггүй. Шантрах үе таарч байв уу? Маргаашийг хэрхэн харж энэ бүхнийг хийдэг байсан юм бэ. Юу үлдээхийг хүсч байгаа вэ?
-Нэг бодлын сайн үйлс шүү тэр жаахан охидод итгэл үнэмшил өгч, чи бол Монголын Мисс эх орныхоо нүүр царай, чиний алхаа гишгээ бүрийг чинь дүү нар чинь харж яваа, нэр цэвэр ариун байх ёстой. Энэ бол чамд оногдсон үүрэг учир одоо ганц чиний асуудал биш. Мисс Монгол гэдэг нэр чинийх болсон гэдгийг тархи, зүрхэнд нь суутал ойлгуулна шүү дээ. Манайхаас төрөн гарсан миссүүд нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээсэн олон ажлынхаа үр шимээр олондоо хүндлүүлж яваа нэр хүндтэй бүсгүйчүүд зөндөө бий... Тэд маань маш өндөр шалгуур давж тэмцээндээ түрүүлсэн болохоор хэр баргийн юманд нугарч хугарахгүй ямар ч асуудлыг давж гарах тэвчээр, ухаан, хатуужилтай болж төлөвшдөг. Бүх талаараа сайн байж л өгөгдсөн үндсэн зургаан шалгуурыг даван туулж, ялсан цорын ганц охин Монголын Мисс гэдэг нэр хүндийг хүртэж эх орноо төлөөлөн дэлхийд өрсөлддөг.
Охид маань ингэж хичээж байхад надад шантрах няцах эрх байхгүй л дээ...
Хүнийг юу мохоодог вэ гэхээр, хамтарна гэж хэлчихээд худлаа ярих, амласан хэлсэндээ хүрэхгүй байх, тухайн салбар, төр засаг нь огт дэмжихгүй байх гээд олон л хүчин зүйл байгаа. Гэхдээ эдгээр нь намайг болон манай хамт олныг илүү сайн хичээхэд хүргэж хурцалдаг.
Цаашид Мисс Монголиа холбоо маань дотооддоо болон Монгол үндэстний гоо бүсгүйн тэмцээнээ үргэлжлүүлэн амжилттай зохион байгуулж, эх орноо, түүх соёлоо дэлхийд сурталчлан таниулах зорилгоо хангаж ажиллана. Мөн ирээдүй болсон охид, бүсгүйчүүдээ өндөр гоо зүйтэй, ёс суртахуунтай иргэн болгож хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Энэ бол бидний нийгэмдээ хүлээсэн үүрэг гэж боддог.
- Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.11/ Өмнөговь аймагт болов. Уулзалтаар Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд аймгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулав.
2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Хэмнэлтээрээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг нэмсэн. Мөн ажлаа аваад шийдсэн анхны чухал ажил бол 2019 оноос хөндсөн тэтгэврийн шинэчлэл байсан. Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, эхний 100 хоногтоо батлуулсан. Монгол Улсад анх удаа гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бүрдсэн. Энэ сарын 1-нээс 413 мянган ахмад настан суурь тэтгэвэр авч эхэлсэн. Стратегийн хүнсний нөөцөө бүрдүүлж, үнэ тогтворжуулна. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдүүлэхгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Халамжийг зорилтот бүлэгтээ хүргэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр мөн энэ сарын 1-нээс 26 хувиар нэмэгдсэн.

Анх удаа өөрийн бодлого шингэсэн төсвөө УИХ-д өргөн мэдүүлсэн. 2027 оны улсын төсөв бол миний анхны төсөв. Энэ хүрээнд онцлох есөн шийдвэрээ зарласан. Нэгдүгээрт, Оюутолгойн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа 17 жилийн дараа ногдол ашиг авахаар болсон. Хоёрдугаарт, иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өөрөө мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх хүрээнд хоёрдогч зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ. 933 төгрөгийн үнэлгээ 3,000 төгрөг болно. Төсөв 90 хувь нь татвараас бүрддэг байсныг 2027 онд 10 хувиар бууруулж, иргэд, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлж байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод хоёр хувийн татвар ногддог байсныг цуцаллаа. 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөллөө. Бизнес эрхлэгчдийн өсөх замд саад болж буй НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон. 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгосон. Ирэх жил 1.8 их наяд төгрөгийг барилгын салбарт босгоно.

Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж байна. Ирэх жил дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Халамж хавтгайруулахгүй. Цалинтай ээж, Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй. “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд уул уурхайн салбарт цахилгаан машиныг дэмжинэ. Намайг ажлаа авснаас хойш цахилгаан машины хэрэглээ гурав дахин өссөн. Нарны панель тавьж, илүүдэл эрчим хүчээ төвийн шугам руу нийлүүлж буй 227 өрх 252 сая төгрөгийн орлого олсон байна. 2027 онд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын реформын хэрэгжилт, тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулна. Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх жил ТӨК-иудын захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна. ТӨК-ийн хувьцааг үе шаттайгаар олон нийтэд санал болгоно. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гээд бүх баялгаа Монголын хөрөнгийн биржээр ил тод арилжаална. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ.

Төсвөөс санхүүжүүлэх том төсөл байхгүй. Хөгжлийн томоохон төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд зургаан тэрбум ам.долларт хүргэнэ. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилье. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хөдөлгөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилт саадгүй болж, ажил нь эрчимтэй үргэлжилж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Дээрх төслүүдийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болно. Эдгээрт ажиллах боловсон хүчний суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуул 15 байршилд явагдаж байна. Авлигатай технологи, ил тод байдлаар тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна зэрэг бодлогоо танилцуулав.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Ирэх оны эхний улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орно. “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч үе шаттай нүүлгэнэ. Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газар нь байрлая. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт түр нисэх боомт байгуулагдаад нислэг хэвийн явж байна. Үүнийгээ олон улсынх болгоё, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Говийг усжуулах "Хэрлэн Тооно" төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдэж байсан. Цаашдаа ч говийн усны асуудлыг нэг тэргүүнд тавина гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ.






Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
