Тод мэдээ
ТББХ: МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох байв.
Хуралдаанд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 13 гишүүнээс 6 гишүүн нь ирж, бусад 7 нь ирээгүй шалтгааныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд тодорхой танилцуулаад энэ нь парламентыг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ мэдээллийг хойшлуулах болсныг мэдэгдлээ.
Тэрбээр, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалтыг дурдаад Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд зөвлөлийн гишүүдээ 100 хувь бүрдүүлж хуралд ирүүлэх үүрэг өгч, ирц хангалтгүй шалтгаанаас мэдээлэл сонсох асуудал удаа дараа хойшилж байгаад онцгой анхаарах шаардлагатай гэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Н.Энхболд, Ё.Баатарбилэг, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийлж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй, олон нийтийн радио, телевизийн төсвийг ч баталж чадахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурал төсөв баталж чадахгүйд хүрвэл тардаг хуулийн зохицуулалттайг сануулав. Иймд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулж ажиллах, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн, нэмэлт, өөрчлөлт оруулж хууль эрх зүйн орчныг сайжруулах талаарх саналыг Байнгын хорооноос Ажлын хэсэгт өгөх удирдамжид тусгах шаардлагатай гэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос “Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, Г.Ганболд, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан удирдамжийн дагуу ажиллах Ажлын хэсгийн шалгалт, санал дүгнэлттэй, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хамтатган сонсохоор тогтлоо.
Тод мэдээ
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
СХД-ийн 27 дугаар хороо, "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм.
Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Энэ үеэр:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Тод мэдээ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 412 сая төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
-
Тод мэдээ2022/09/23
Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно
-
Тод мэдээ2022/01/25
Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна
-
Өнөөдөр2019/12/03
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо
-
Тод мэдээ2022/03/01
О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн” болно