Тод мэдээ
Гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 2 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 905 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 878 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.
Тод мэдээ
Зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар авто замын түгжрэлийг үүсгэж буй хүчин зүйлийн нэг болох зам тээврийн ослын буруутан болон хохирлыг цагдаагийн ажилтан очихгүйгээр дрон болон АI технологи ашиглан хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо.
Учир нь нийслэлийн зам тээврийн ослын дуудлагын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг байна. Энэ тохиолдолд цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг байна. Үүнээс хүнд төрлийн ослын газарт 2 цаг ажиллах тохиолдол ч гардаг байна. Хамгийн гол нь энэхүү хугацаанаас хамаарч тухайн орчмын авто замд түгжрэл үүсдэг бөгөөд нийслэлийн түгжрэлийн тулгамдсан асуудал болоод байгааг албаныхан хэллээ.
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн осол эзэлж байна. Үүнийг 5-10 минутад шийдэх технологийн шийдлийг л бид хайж байна. Зам тээврийн ослын дуудлага ирэхэд цагдаа заавал ослын газар очихгүйгээр дрон нисгэж зураг авч мэдээллийг системд илгээх. Илгээсэн мэдээллийг AI технологийн тусламжтайгаар боловсруулж хэн буруутай, хэдэн төгрөгийн хохирол гарсныг тогтоодог болох нь тэргүүний зорилго. Тухайн жолооч нар ч ослын зургаа систем рүү илгээж болно гэсэн үг. Дүүрэг болгон замын хөдөлгөөний удирдлагын төвтэй. Энэ төвөөс дроноо удирддаг систем л шаардлагатай байна. Хоёрт цагдаа, даатгал зайлшгүй очих тохиолдол буюу хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ч юм уу, эсвэл 3-4 машин мөргөлдсөн, хайс хашлага мөргөсөн тохиолдолд цагдаа дронтойгоо очиж нисгээд шаардлагатай зураг, дүрсээ авах. Ослын нөхцөл байдлаас хамаарч дрон нисгэж цаг хугацааг хэмнэх, ослоос шалтгаалсан түгжрэлийг үүсгэхгүй байх л зорилго тавиад байна. Энэ чиглэлээр дроны системийн хөгжүүлэлт хийх боломжтой юу” гэдгийг тодрууллаа.
“MGIS” компанийн захирал Ким Жун Вү “Бид БНСУ-даа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран ажилладаг. Систем хөгжүүлэлт, дрон зураг авалт, борлуулалт гэсэн хэлтэстэй. Зам тээврийн ослын газарт дроныг ашигласнаар цаг хугацааг 60-70 хувь хэмнэж байгаа судалгаа гарсан. Дроны үйлдвэрлэл, хөгжүүлэлт дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байна. АНУ, ОХУ зэрэг орнуудад дроныг зам тээврийн ослын, тэр дундаа мөрдөх ажиллагаанд ашиглах болсон. Монголд ч гэсэн энэ чиглэлээр дроны системийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Гол нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд олон хэмнэлтийг хийх боломжтой гэж харж байна. Та бүхний хүсэж буй системийн хөгжүүлэлтийг хийхэд эхний ээлжид дата мэдээлэл цуглуулах, судалгаа, туршилт хийх гээд багагүй хугацаа орох ч хамтарч ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.
Тод мэдээ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар илрүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тус иргэн нь БНСУ-д бусдаас онц их хэмжээний мөнгө залилсан хүндрүүлэх нөхцөл байдалтай эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон.
Уг иргэнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулан шалгаж, Монгол Улсаас албадан гаргахаар ажиллаж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн бага хурал Шангри-Ла зочид буудалд болж байна.
“Прокурорын үүрэг, оролцооны хувьсал: Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ.
Тэр бээр, цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байгааг тэмдэглэлээ.
Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого чухал гэдгийг онцолж, прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс ардчилал, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг тууштай хамгаалж, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бататгах, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын гэрээ, конвенцыг нэг мөр хэрэгжүүлэх, улс орны сайн жишгийг нутагшуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгааг хэллээ.
Бага хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” сэдвийг хэлэлцэх юм.
25 улсын 100 орчим төлөөлөгч оролцож буй хурлыг Олон улсын прокуроруудын холбоо, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар хамтран зохион байгуулж байна.
1995 онд байгуулагдсан Олон улсын прокуроруудын холбоо нь дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага бөгөөд 177 орны 183 гишүүн байгууллага, 1,900 орчим бие даасан гишүүнтэй юм
-
Тод мэдээ2021/07/07
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
-
Тод зураг2020/01/20
1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө
-
Чөлөөт бүс2020/03/26
Токиогийн олимп 2021 оны зуныг хүртэл хойшлогдоо
-
Тод мэдээ2024/09/19
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно