Тод мэдээ
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна.
Батарей хуримтлуурын станц нь шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жилд 150-200 МВт-аар нэмэгдэж байгаа бөгөөд 2030 онд 3300 МВт орчим цахилгаан шаардлагатай болно гэсэн тооцоолол бий. Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай өвөлжсөн бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхсөн билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ахуйн машин техникийг шинэчиллээ.
Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрээс жижиг оврын экскаватор зургаа, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo world” ХХК-иас том оврын 1.9 шоо метр шанагатай “Cаt330” загварын нэг экскаваторыг нийлүүллээ.
Эдгээр машин, техникийг ГУББГ, ОСНААУГ болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.
Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийсэн билээ.
Тод мэдээ
Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдаан болно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзан, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдааныг зохион байгуулах талаар ярилцаж, комиссын хуралдааны үеэр хэлэлцэх зарим асуудлыг тогтлоо.
Монгол Улсын Шадар сайд, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан хоёр орны найрамдалт харилцааг шинэ шатанд хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев хоёр орны худалдааны эргэлт 2023 онд 2.3 сая ам.доллар байсан бол энэ оны 10 дугаар сарын байдлаар 4 дахин өссөн үзүүлэлттэй байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэхээр ярилцаж байгаа нь Киргиз улсад ч эергээр нөлөөлөх чухал алхам гэдгийг онцолж байлаа.
Өнөөдрийн уулзалтаар хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллах, бизнес форум зохион байгуулах, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллааг сайжруулж, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулах зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
Манай хоёр орон 1992 оны 4-р сарын 22-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 33 жилийн турш бүхий л салбарт хамтран ажиллаж, найрамдалт харилцаагаа өргөжүүлж байна.
Тод мэдээ
Боловсролын байгууллагын дотуур байруудад урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийжээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх, тогтоох, хамгаалах хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сурагчдын болон оюутны дотуур байруудад урьдчилан сэргийлэх шинжилгээ хийжээ.
Энэ хүрээнд ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийн баталсан удирдамжийн дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны албан хаагчид АШУҮИС, СЭЗДС-ийн оюутны дотуур байранд урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж ажилласан байна.
Хяналт шинжилгээний хүрээнд “Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрх”-ийн хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан ажил, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалтай газар дээр нь танилцаж, оюутны байранд амьдарч байгаа оюутнууд болон ажиллагсдаас асуумж авч, хүсэлт гаргасан хүүхдүүдтэй ганцаарчлан уулзсан байна.