Хэн юу хэлэв...
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчдийнх нь хамтаар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
“КОВИД-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгааг ноён Тапан Мишра уулзалтын эхэнд онцлоод НҮБ-ын зүгээс энэ тал дээр тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Цаашид эдийн засгийг сэргээх болон бусад чиглэлээр Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, НҮБ-ын шинэчлэлийн үйл явц, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ЗГХЭГ-тай ойрын үед хамтарч ажиллах боломжуудын талаар талууд ярилцлаа.
Мөн Засгийн газраас санаачлан Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөхөд онцгой анхаарч “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ноён Тапан Мишра талархал илэрхийлсэн.

Монгол Улсад олон жилийн туршид нааштай хандаж, ялангуяа шилжилтийн үед нийгмийн бүхий л салбарт хамтарч ажиллаж, тусалж, дэмжиж байдагт НҮБ-д талархаж явдгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон төрөлжсөн байгууллагуудтай ЗГХЭГ-ын хувьд цаашид хоёр чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байна гээд төрийн үйлчилгээг цахимжуулах “E Mongolia”-ийн техникийн шилжилтийг хийхэд, мөн төрийн албыг чадавхижуулах тал дээр идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахад талууд санал нэгдсэн.
Энэ онд тэмдэглэж байгаа НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн хэлэлцүүлгийг гишүүн улс орон бүрт зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд Монголд нийтдээ 12 уулзалт, арга хэмжээг зохион байгуулаад байгааг ноён Тапан Мишра онцолсон. Мөн Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсны 60 жилийн ой ирэх жил тохиох учраас ЗГХЭГ-ын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр илэрхийлсэн юм.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
