Чөлөөт бүс
Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даатгалынхан худалдан авав
Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна.
Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг эгнээндээ нэгтгэн, хүрээгээ тэлсэн амжилт гэнэ. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл өөрийгөө сорихыг хүссэн хэн бүхэнд нээлттэй Триатлон гэх тэсвэр хатуужлын туйл, хувь хүний өөрийгөө ялахын сайхныг харуулсан энэхүү спортыг олон нийтэд улам бүр түгээн дэлгэрүүлмээр аж. Триатлоноор хичээллэгч тамирчид, ялангуяа хүүхэд залуусын маань бие бялдрын хөгжил үнэхээр гайхалтай байлаа. Усанд сэлж, дугуй унаж, гүйж харайснаар хүний бие ямар хэмжээнд эрүүл саруул, сайхан байж болохыг биетээр харуулж, цаашлаад хүн гээч амьтан буй биеэрээ хичнээн хүнд бэрх, урт холыг туулж чаддаг болохыг энэ спорт харуулдаг аж.


Тэмцээний усанд сэлэлтийн нөхцөл байдлыг хангахуйц гол нуур нийслэлд ойр байдаггүйгээс Өгий нуурыг сонгодог юм байна. Өгий нуурын тухайд өнөө жил нэлээд салхитай, нуурын ус хүчтэй долгиолж, давалгаалж байсан нь сонирхогчид төдийгүй мэргэжлийн тамирчдад ч бэрхшээлтэй, техник ур чадварыг дээд хэмжээнд сорьж байлаа. Сэлэлтийн үед амьсгал авахаар уснаас гарч ирэх тухай бүрт хүчтэй давалгаа, долгиолсон усанд цохигдож, зарим нэг нь нуурын хүйтэн усанд шөрмөс татсан зэргээс хэд хэдэн тамирчин замаа дуусгалгүй аврагчдаас тусламж хүсэн уснаас гарч байв. Нуурын усны хүчтэй долгио давалгааг үл ажран чадмаг сэлж, түрүүлж гарч ирсэн хүүгийн дугуйн гинж уралдааны замд тасарч тэмцээнээ орхисон, өөр нэг эмэгтэй тамирчин тэмцээний бүх даваагаа эцсийн хүчээ шавхан туулж барианд оруутаа бахардан унасан зэрэг үзэгч, сонирхогчдоо өндөлзүүлж, огшоож, навталзуулсан онцлог агшин олон юм. Бие бялдар, тэсвэр хатуужил, оюун мэдрэмжээ дээд цэгт тултал хөгжүүлж, дайчилж өрсөлддөг энэ тэмцээнийг цэцэрлэг, сургуулийн нь шатнаас хөгжүүлж, Монголын ирээдүй болсон үрсээ бүрэн хамруулаасай гэх хүсэл үзэгчдэд их байлаа. Тийм ч учраас БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэмцээний туршид тамирчид, үзэгчидтэй хамт байж, дэмжиж суусан болов уу. Олон улсын Триатлоны холбооны дүрмийн дагуу кросс триатлоны төрлөөр (уулын дугуйтай) элит, өсвөр үе, сонирхогчдын Age групп эрэгтэй, эмэгтэй болон багийн төрлөөр зохион байгуулагддаг тус тэмцээнд 2005 оны анхны УАШТ-ийн мөнгөн медальт, дугуйн спортын ОУХМ Х.Пүрэвсүрэн БНСУ-аас ирж оролцсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг зэрэг олны танил эрхмүүд энэ спортоор хичээллэдэг, яггүй өрсөлдөөнт тамирчид гэдэг нь ч харагдаж байлаа. Триатлоны спортыг дэргэдээс нь хараагүй, зовлон жаргалыг нь мэддэггүй нэгэнд улстөрчид, бизнесийн төлөөлөгчид спортыг өөртөө ашигтай шоу болгон ашигладаг гэх хардлага төрдөг байж мэдэх. Гэвч триатлон гэх энэ спорт бусдад ашиглагдах ямар ч найраагүй төрөл аж. Тэмцээнийг анх үзсэн зарим үзэгч Н.Энхбаяр ерөнхийлөгч асныг унасан нэр хүндээ сэргээх гэсэн арга хэмээн хардаг байснаа нуухгүй байлаа. Үнэндээ Н.Энхбаяр, Х.Булгантуяа, Ч.Ганхуяг гээд хэн нь ч ялгаагүй бусад тамирчдын нэгэн адил нуурын хүйтэн, хүчтэй долгиот усанд 500 метр сэлж, 10000 м замыг дугуйгаар туулан, 5000 м тойрог замыг өөрийн хөлөөр, хүч шавхан барианд орж ирж байна. Тэдний өмнөөс хэн ч оролцож, туулах боломжгүй давааг өөрсдөө давж, үнэхээр эл спортод зүрх сэтгэлээ бүрэн зориулж, бүтэн жилийн турш бэлтгэл сургуулилтаа ханган хичээллэдэг нь ил. Триатлон хэмээх гайхамшигт спортын холбоо ч энэ спортод дурласан, сэтгэл оюунаа бүрэн зориулж зүтгэх хүнээ зөв олж Ц.Сандуйг Ерөнхийлөгчөөрөө сонгосон нь жилээс жилд өргөжин, гадаад дотоодын тэмцээнд тамирчдаа явуулдаг болсон зэрэг олон амжилтын үүдийг нээсэн бололтой. Үнэндээ спортоор халхавчлан МАХН-ын дарга Н.Энхбаяр, намынхаа нэр хүндэд чиглэсэн сэвийг үүрэн ганцаар хариуцлага хүлээсэн Ц.Сандуй нарыг нэгдэж, нийлэх болоо юу гэх хардлага улстөрчдийн дунд бий болсон нь нууц биш. Гэвч Өгий нуурын эрэг дээр зохиогдсон хүч тамир, тэсвэр хатуужлын спорт нь спортоороо байж, тамирчид тамирчдаараа л байдгийг триатлон сонирхон үзсэн хэн бүхэн мэдэрсэн биз ээ. Товчхондоо, нуурын усанд цаг хугацаатай уралдан сэлж, бартаат замыг дугуйгаар туулж, хар гүйхээрээ хөлсөө асган барианд орж буй Н.Энхбаяр, Х.Булгантуяа нарын дэргэд Ц.Сандуй аахилан гүйж улстөр хийх ямар ч нөхцөл алга.








Харин ус, дугуй, гүйлтийн спортод зүрх сэтгэлээ 100 хувь зориулсан тэд энэ спортын хөгжлийн төлөө хар буруу, хардлага сэрдлэгийг үл тоон хамтран зүтгэдэг аж. Түүнчлэн тэмцээний бооцоо болох 10 мянган төгрөг бүрийг Өгий нуурын ойр орчмыг цэвэрлэх, хамгаалах ажилд зарцуулж, тэрбайтугай аялж, зугаалж, тэмцээн уралдаан сонирхохоор ирсэн хэн бүрийн түүсэн хог хаягдлыг “Ард” санхүүгийн нэгдлийнхэн худалдан авч, урамшуулж байлаа. Дашрамд сонирхуулахад, Н.Энхбаяр даргыг уралдан гүйж байхад Ц.Сандуй биш нутгийн иргэд зэрэгцэн гүйж “Даргаа, ядарч байна уу, ганц халуун шавиа үмхчих, халуун гэдэс чанаад ирлээ” гэх зэргээр угтаж, тамирчны хурдыг сааруулж байсан гэх хошигнол дуулдаж байсныг энд тэмдэглэе.






УАШТ-2019-ийн дүн
Эрэгтэй элит ангилал (21 тамирчин):
1. Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд�
2. Ч.Гансүх (Хангарьд) 1.08:45�
3. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
4. П.Ханмөнх (Ironman) 1.13:31
5. А.Хэнтий (Ironman) 1.13:40
6. Т.Алекс (Виста) 1.14:54
7. С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
8. Ц.Цэрэнбат (Булган) 1.16:02
9. С.Билгүүтэй (Виста) 1.17:40
10. Б.Буянтогтох (Хангарьд) 1.21:03
Эмэгтэй элит (6 тамирчин):
1.Б.Энхжин (Хангарьд) 1 цаг 21 минут 59 секунд�
2.О.Эрдэнэзул (Хангарьд) 1.25:23�
3.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
4.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
5.Э.Амина () 1.49:45
Багийн буухиа (9 баг):
1.Хангарьд-1 (Г.Галбадрах, Б.Энхжин, Ч.Гансүх) 1.18:15
2.Хангарьд-2 (Г.Мөнхжин, О.Эрдэнэзул, О.Анх-Учрал) 1.22:05
3.Виста-1 (Г.Амарсанаа, Б.Марал, С.Билгүүтэй) 1.26:33
U19 хөвгүүд (20 тамирчин)
1.Г.Амарсанаа (Виста) 1 цаг 5 минут 35 секунд�
2. Г.Галбадрах (Хангарьд) 1.13:22
3.П.Ханмөнх (Ironman) 1.13:31
U19 охид (2 тамирчин)
1.Б.Мөнхзаяа (Жардин) 1.37:37
2.Б.Биндэрьяа (Ironman) 2.03:56
U15 хөвгүүд (27 тамирчин)
1.С.Содмандах (Төв бассейн) 24:40
2.Т.Алекс (Виста) 24:51
3.Г.Галбадрах (Хангарьд) 25:01
U15 охид (6 тамирчин)
1.О.Эрдэнэзул (Хангарьд) 28:43
2.Г.Номуунаа (Виста) 31:03
3.Б.Марал (Виста) 32:21
Age group 20-29 нас, эрэгтэй (26 тамирчин)
1.А.Сумьяабат (Улаанбаатар) 1.34:55
2.Ч.Янзганбүүвэй (2-р эмнэлэг) 1.39:19
Age group 20-29 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Э.Оюун-Эрдэнэ (Баянзүрх) 1.49:37
2.Э.Амина (Жардин) 1.49:45
3.Л.Анударь (Улаанбаатар) 2.16:19
Age group 30-39 нас, эрэгтэй (32 тамирчин)
1.С.Бат-Отгон (Вагнер Ази) 1.15:04
2.Ц.Цэрэнбат (Булган) 1.16:06
3.Л.Батбаяр (Булган) 1.25:28
4.Э.Батмөнгөн (Хан-Уул дүүрэг) 1.27:03
Age group 30-39 нас, эмэгтэй (4 тамирчин)
1.Б.Ариунтуяа (Эрдэнэт) 1.34:55
2.Г.Шинэцэцэг (Энканто) 2.05:00
Age group 40-49 нас, эрэгтэй (14 тамирчин)
1.Б.Түвшинбаяр (Виста) 1.30:50
2.Оливер Тирлуол (Top Gun Team) 1.33:59
3.Ч.Ганхуяг (Team Ard) 1.40:41
Age group 50-59 нас, эрэгтэй (7 тамирчин)
1.П.Гантулга (Хангарьд) 1.30:49
Try-Tri эрэгтэй (89 тамирчин)
1.М.Жамьянпүрэв (Cannondale Mongolia) 21:31
2.Э.Ижилмөрөн (Road Mongolia) 22:04
3.Д.Есүхэй (Ironman) 22:12
Try-Tri эмэгтэй (12 тамирчин)
1.А.Оюун-Эрдэнэ (Road Mongolia) 23:06
2.У.Энх-Ану (Cube Mongolia)
3.Б.Мөнгөнтуяа (ЦЕГ МБА) 25:47
Чөлөөт бүс
Мөрийтэй тоглоом бол зугаа биш донтолт
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэл бий болгож дахин тоглох сэдлийг төрүүлэн залилж байна. Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг.
Судалгаагаар мөрийтэй тоглоомын донтолт нь архи, мансууруулах бодисын хамааралтай адил сэтгэл зүйн донтолт үүсгэдэг нь тогтоогдсон. Донтох үедээ хүн өөрийн зан үйлд хяналт тавих чадвараа алдаж, бодит эрсдэлийг үл тоомсорлох хандлагатай болдог бөгөөд энэ нь эцэс сүүлдээ хууль бус үйлдэл хийх цаашлаад хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал хүргэж байна.
Иймд иргэд та бүхэн цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна.
Чөлөөт бүс
Сүлд модны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэлтдэг, гэрэлтдэггүй гээд олон төрлөөр алаглах гацуур модны чанар янз бүр.
Аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул аюулгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлээрэй.
-Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх.
-Сүлд модны гэрлийг байнга асаахгүй, хүнтэй үед асаалттай байлгах.
-Сүлд мод болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах, бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх.
-Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх.
-Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Чөлөөт бүс
“Та Докду арлын талаар сонсож байсан уу?”
Солонгос улсад Аялал зуучлалын докторантад сурдаг миний бие харийн улсыг зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.
Тиймээс эрдэм шинжилгээний хурал, гадуур зохиогдож байгаа үйл ажиллагаануудад чадахаараа идэвхтэй оролцож илүү суралцаж, мэдлэгээ тэлэхийг зорьдог. Энэ удаа “Дэлхийн Докдугийн сурвалжлагч” хөтөлбөрөөр олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн Солонгосын үзэсгэлэнт арал болох Докду аралтай танилцан, түүх соёлыг судлах ховор боломж надад тохиосон юм. Тус хөтөлбөрийн гол зорилго нь Докду арлын үнэ цэнийг дэлхий нийтэд таниулах явдал билээ.

2025 оны арваннэгдүгээр сард би Уллындо(Ulleungdo) арлаар дамжин усан онгоцоор Докду арал руу аялсан юм. Багаасаа аялалд дуртай байсан болоод ч тэрүү сүүлийн жилүүдэд Олон улс уруу аялсан түүх бүтээж чадсан нь миний докторт суралцах үйл явц болон судалгаа хийхэд ч гэсэн том нөлөөллийг үзүүлж байгаа гэж хардаг. Энэ удаагийн аялал маань усан онгоцны аялал байсан тул урьдны бүх аяллаас илүү догдлом, хүлээлттэй, сэтгэл хөдөлгөм байлаа.
Докду арал нь Солонгос улсаас 217 км, Япон улсаас 220 км зайд, Зүүн тэнгисийн хамгийн зүүн хэсэгт байрладаг. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн хоёр том хадархаг арал, хэд хэдэн шүрэн хаднаас бүрдэх бөгөөд олон төрлийн далайн амьтан, ховор шувуудын өлгий нутаг, далайн экосистемийн судалгаанд онцгой ач холбогдолтой газар юм.
Сүүлийн үед Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаан хэвлэл мэдээллээр их гарах болсон бөгөөд энэхүү газар нутгийн маргааны төв болсон сэдэв бол Докду арлын газрын маргаан зүй ёсоор ордог. Докду арал бол өглөөний нарыг хамгийн түрүүнд үзэж болох байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагдахын зэрэгцээ газрын гүндээ асар их байгалийн баялагтай гэгддэг хосгүй үзэсгэлэнт байгалийн бүтэцийг харуулсан арал юм.

Япон улс Докдуг өөрийн газар нутаг гэж үздэг бол Солонгосын Засгийн газар Докду нь эртнээс Солонгосчуудын эзэмшил нутаг гэдгийг баталгаажуулах, дэлгэрүүлэхэд анхаарч байна. Түүхэн баримтуудаар ч Солонгосчууд энэхүү аралд эртнээс суурьшиж ирсэн нь нотлогддог бөгөөд өнөөдөр ч тус арал дээр Солонгос иргэд амьдарч, хамгаалж байдаг. Докду бол Солонгосын ард түмний хувьд дайны үеийн хүнд цаг үеийг санагдуулдаг, гашуун дурсамж тээсэн ариун газар юм.
Солонгосчууд Докдуг зорихдоо ихэвчлэн нулимстайгаар дурсгалын зураг даруулж, газар нутгийн үнэ цэн, бахархлаа илэрхийлдэг. Мөн үе үеийн уран бүтээлчид Докдугийн тухай олон дуу, шүлэг, өгүүлэл туурвисан байдаг. Солонгост ирсний дараа би ‘Докду бол манай газар’ хэмээн дуулж буй бага ангийн хүүхдүүдийг хараад энэ арал ямар утга учир, түүхэн үнэ цэн агуулж байгаа болоод хүүхдүүд хүртэл ингэж дуулдаг билээ гэж ихэд сонирхон интернетээс хайж байсан үе саяхан. Хайлт хийсний дараа ийм их үнэ цэнээр олдсон учир түүнийгээ алдахгүйн тулд хойч үедээ хүртэл өвлүүлэхийн төлөө хичээж байгаа сэтгэлийг нь ойлгосон.
Арал дээр хөл тавьсан мөчид миний сэтгэлд гүн сэтгэгдэл төрсөн. Догдлол, сониуч зан зэрэгцэн хөдөлж, аралд очсон тэр мөчид энэ бүхэн улам хүчтэй мэдрэгдсэн юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнт энэ арал хязгаар үгүй далайн дунд орших нэгэн гайхамшиг байлаа. Ийм үзэсгэлэнтэй газар тул өөр улс орнууд ч анхаарлаа хандуулж, шунан дурлах нь аргагүй мэт санагдсан. Байгалийн гоо үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ аяллын хөтөлбөрийн үеэр танилцсан түүхэн баримт, соёлын өв, арлын тухай өгүүлэмжүүд нь энэ газар бол зүгээр нэг арал бус Солонгосын ард түмний түүх, өв соёлын амьд гэрч гэдгийг улам тод харуулсан. Энэ бүхнийг биеэр мэдэрсний дараа би энэхүү гайхамшигт арлыг дэлхий дахинд таниулж, түүний үнэ цэнийг олон нийтэд хүргэх хүсэл тэмүүллээр дүүрсэн юм.
Мэргэжлийн үүднээс харахад, Докдугийн байгалийн болон газарзүйн онцлог нь эко аялал жуулчлалын нөөц болох боломжийг тодорхой харуулдаг. Байгальд хор хөнөөл учруулахгүйгээр хүмүүст танин мэдэх, суралцах боломж олгох тогтвортой аялал жуулчлалын жишиг загвар болж хөгжих бүрэн потенциалтай. Ийм байгалийн өвийг дайн, маргааны төв болгож биш, харин энх тайвны бэлгэдэл болгон хамгаалах нь хүн төрөлхтний үүрэг гэж бодож байна.
Энэхүү хөтөлбөрт оролцсоноор би Докду арлын үнэ цэнэ, нийгмийн эв нэгдлийн чухлыг гүнзгий ойлгосон. Цаашид өөрийн эх орондоо ч байгалийн болон түүхийн үнэ цэнтэй газруудаа хамгаалж, танин мэдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Мөн "Дэлхийд Докдуг таниулах сурвалжлагч" хүний хувьд миний мэдэрсэн бас нэг чухал зүйл бол Докду нь Өмнөд Солонгос, Японы хооронд газар нутгийн маргаантай байгаа нь бүрэн эрхт байдлын зөрчил үргэлжилсээр, цаашлаад дэлхийн амар тайван алдагдахвий гэсэн айдас байлаа. Солонгосчуудын хувьд Докду арал энх тайван байх нь дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг гэж үзэхүйц хэмжээнд том ач холбогдол өгч байгаа ба үүнээс улбаалан дэлхийг амар тайван бус байлгахыг хүсэхгүй байгаа учраас өөрсдийн гэсэн газар нутаг дээрээ маргаанаа дуусгахыг хүсч байгаа байр суурьтай байгаа юм.
Иймээс Докду арлыг зөвхөн газар нутгийн маргааны төв бус, харин дэлхий нийтэд энх тайвныг бэлгэдэх ариун газар хэмээн ойлгох хэрэгтэй гэж үзэж байна.
Докторант Ганбатын Эрдэнэсувд
Гангненг Их Сургууль
-
Тод мэдээ2021/01/11
Иргэн, ААН-ийн авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төсл...
-
Тод мэдээ2023/04/21
Ж.Золбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорино
-
Тод мэдээ2025/06/25
Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
-
Тод мэдээ2024/07/24
“М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчимд дулаа...
