Өнөөдөр
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай...

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр 14-16 хэм дулаан байна.
2023 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, зургаадугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Өнөөдөр
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд эхний хожлоо авлаа
“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг энэ удаагийн Азийн Наадамд оролцож буй. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг "D" хэсгийн эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 21:15-аар яллаа.
3х3-ын эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан юм. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.
Монголын эмэгтэй 3х3 багийн дараагийн тоглолтоо энэ сарын 27-нд Йорданы эсрэг хийх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Өнөөдөр
Дорнод аймаг боомтын боймыг тайлж, экспортын гарц нэмэгдүүлэх төслүүдээ Ерөнхий сайдад танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, тус аймагт баригдаж байгаа болон баригдах авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын явц, аймгийн төвийн дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдаж буй асуудлын талаарх багц мэдээлэлтэй танилцлаа.
Дорнод аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зорчигч үйлчилгээний барилгын өргөтгөл, хатуу хучилттай зурвас, перрон талбай, автогражийн өргөтгөл зэрэг ажил хийгдэх юм. Ингэснээр Боинг 737-800, Embrear145 загварын агаарын хөлөг хүлээн авах, цементбетон хучилттай, хоёр талын оролт, гаралттай, хөөрч буух зурвастай, гурван онгоц зэрэг хүлээн авах, цагт 300 зорчигч нэвтрүүлэх боломжтой олон улсын буудал болох юм.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг хатуу хучилтай авто замаар холбох ажлын явцын талаар танилцууллаа. Тус аймагт Хэрлэн сумаас болон “Хашаатын цав” уурхайгаас Хавиргын боомт чиглэлд, Тамсаг 21-р талбайгаас Баянхошуу боомт, Баян-Уул-Ульхан боомт, Өндөрхаан-Чойбалсан-Баян-Уул чиглэлд хатуу хучилттай авто зам барих төсөл тус тус хэрэгжиж байна. Мөн Сүмбэр боомт чиглэлийн 152 км, Чойбалсан-Баянхошуу чиглэлийн 198 км авто замын төслийг хэрэгжүүлнэ. Ульхан боомт чиглэлийн авто замын ажил амжилттай үргэлжилж байна, 2024 онд дуусах ажээ. Эдгээр төсөл аялал жуулчлал төдийгүй бүс нутгийг хөгжүүлэхэд мөн Евро Азийг холбосон авто замын коридорт чухал үүрэгтэй юм.
“Чойбалсан” олон улсын нисэх буудлын өргөтгөлтэй уялдуулан тус аймагт олон улсын авто буудал барих нь эдийн засгийн ач холбогдолтой. Чойбалсан бол хуурай боомт болох боломжтой гэж Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Төв аймаг шиг авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн сүлжээнд холбогдсон аймаг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулав.
Тус аймагт “Чойбалсан-Хөөт-Бичигт”, “Эрээнцав-Баянтүмэн”, “Сайншанд-Баруун-Урт-Хөөт” чиглэлийн төмөр зам зэрэг боомтын боймыг тайлж, экспортын гарцыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих олон төсөл хэрэгжиж байна.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 12. Ангараг гараг. Тооно одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр.
Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Сэтгэгдэл