Тод мэдээ
Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8.870 иргэн зорчиж байна

2023 онд Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8.870 иргэн зорчиж байна. Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм.
Замын-Үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо он гарснаас хойш эрс нэмэгдэж энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 1.33 сая хүн тус боомтоор хоёр улсын хооронд зорчжээ. Мөн энэ хугацаанд нийт 169.000 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.
2023 оны арванхоёрдугаар сарын 16-31-нийг дуустал Замын-Үүд автозамын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг эхлүүлсэн. Цаашид туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь 24 цагаар үйл ажиллагаагаа явуулна. Мөн зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-тай санал солилцон ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна.
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгад E-Mongolia вэб порталаар нэвтэрч, санал асуулгад идэвхтэй оролцоорой.
Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!
Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Санамж: Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.
Тод мэдээ
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь /3558/ нь нийслэлд бүртгэгджээ.
Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувь /1651/-ийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
ЗӨВЛӨМЖ
▪️ Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
▪️ Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
▪️ Гудамж, талбайд болгоомжтой явах
▪️ Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
▪️ Олон тооны нохдоос холуур явах
▪️ Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
▪️ Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
▪️ Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
▪️ Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
▪️ Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах
ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД:
▪️ Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
▪️ Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
▪️ Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор бооно.
Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв
Тод мэдээ
Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ
Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш буюу эхний 2 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 3679 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон байна.
Тодруулбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.