Дэлхий нийтээр..
Ахмадын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болсон Ахмадын үндэсний чуулганы үдээс хойших хуралдаанд Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг, нар илтгэл тавьж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэдгээрийн шинэчлэл, асаргааны хувилбарт үйлчилгээ болон идэвхтэй насжилтыг дэмжих бодлогын талаар танилцуулсан юм. Эрүүл насжилтыг дэмжих бодлогын хүрээнд анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засах, асрах сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамны газрын дарга П.Оюунцэцэг илтгэлдээ дурдаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг тогтмолжуулах замаар ахмад настны эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлс, хорт зуршлуудыг буруулах, хорт хавдраас сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэхэд тус салбарын бодлого чиглэж буйг ярьсан юм. Харин ахмад настны цогц үйлчилгээний бодлогыг ДЭМБ-аас 2017 онд баталсан тэдний эмчилгээ, халамжийг цогцоор хэрэгцээнд нь үндэслэн олгох “Integrated Care for Older People” (ICOPE) аргачлалд суурилан боловсруулсан хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга Ю.Отгонбилэг онцлов. Цогц үйлчилгээг цогц үнэлгээнд суурилан үзүүлэх бөгөөд ахмад настныг эрүүл, идэвхитэй, бага зэргийн тусламж үйлчилгээ шаардлагатай, бие даах чадвар хязгаарлагдсан гэх гурван түвшинд эрэмбэлж, тохирох үйлчилгээг Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй юм. Цогц тусламж үйлчилгээг ахмадын өргөө, ахмадын төв, сэргээн засах төв, идэвхитэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төв болон эрүүл мэндийн байгууллагуудаар үзүүлэх бөгөөд тэдгээрийн байр, санхүүжилт, мэргэжлийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нарийвчлан зохицуулаад байгаа юм.
Мөн ахмад настны эрхийг хангахтай холботой асуудлаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, “Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Жавзандулам илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт, Засгийн газрын тогтоол, журмыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Засгийн газар 2013 оны есдүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар баталсан боловч үүнийг баримтлаагүйгээс ихээхэн хэмжээний тэтгэврийн зөрүү үүссэнийг нэн даруй засах шаардлагатай гэлээ. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож буйг уян хатан болгож, 20-25 жилд ажилласан бол 50 хувь, 25-30 жилд 55 хувь, 30-35 жилд 60 хувь, 35-аас дээш жилд 65 хувиар тогтоох, “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журамд төсвийн байгууллага цалингийн нийт сангийн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагааны орлогын 3.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сандаа шилжүүлж байхаар журамлах нь зүйтэй гэсэн юм. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас ахмад настанд зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах ахмад настны тоогоор хүртээмжтэй хуваарилах, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ахмад настны эрүүл мэндийг хариуцсан нэгж болон геронтологийн төв байгуулах ажиллуулах санал дэвшүүлэв.
Дараа нь Орхон, Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал нар болон прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн М.Оюундэлгэр нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, сайн туршлагаас Үндэсний чуулганы оролцогчидтой хуваалцлаа.
Ахмадын үндэсний чуулганд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж мэндчилгээ дэвшүүлж, 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газраас мега төслүүд болон хөгжлийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж байгаа нь түүхэн чухал болохыг онцлоод, улс орныхоо хөгжлийн төлөө зааж зөвлөж, хамтран зүтгэхийг уриалав.
Үндэсний чуулганы төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахмад настнуудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн боловсруулсан зөвлөмжийг танилцуулсан юм. Тэрбээр, ахмадын ахуй амьдралын нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлыг өнөөдрийн чуулганаар олон талаар хэлэлцсэний дотор тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүний нөөц, санхүүжилтийг өсгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, тэдний мэдлэг туршлага, чадвараас суралцах, хүндэтгэн дээдлэх асуудлыг онцлон авч үзсэн тухай дурдав.
Үндэсний чуулганаас гаргаж буй зөвлөмжид Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллага болон төрийн байгууллагууд, ахмадын холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон нийт, ахмад настнуудад хандан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, эм хангамж, амьдрах нөхцөлийг дэмжих хөнгөлөлт, дэмжлэгийг өргөжүүлж, хүртээмжийг тэлэх, Гэр, бүл хөгжлийн болон цогц үйлчилгээний төвүүдийг байгуулах, эрүүл, идэвхтэй насжилтын үндэсний бодлого, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг тодорхой бүтэц, зохион байгуулалтаар эрчимтэй хангах, хяналт тавьж ажиллах зэрэг олон асуудлыг тодорхой тусгажээ. Мөн “Угийн бичиг”-ийг айл өрх бүр хөтөлж хэвших, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, өв соёл, эрдэм боловсрол, тэвчээр хатуужлыг эрхэмлэсэн үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэхийг ахмад настнуудад уриалсан байна.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үндэсний чуулганыг хааж хэлсэн үгэндээ, энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаснаар ахмад настнууд өөрсдөө ажил хайдаг биш, ажлын байрууд та бүхнийг хайдаг болж өөрчлөгдөнө хэмээн онцлон тэмдэглээд, нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн салбарыг удирдаж байсан цөөнгүй хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тул ахмад настны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бусад салбарын уялдааг хангах, хуулийн бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2020/08/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Дэлхий нийтээр..2023/07/27
ЗГ: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
-
Дэлхий нийтээр..2025/08/26
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2025/09/02
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли “Чин...
