Тод мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэрээ 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-той уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ харилцан нотлов.
Энэ хүрээнд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө байгааг онцоллоо.
Монгол Улс, АНУ-ын харилцаанд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын усны хангамж 80 хувиар нэмэгдэх хоёр дахь Компакт гэрээ онцгой байр суурь эзэлдгийг талууд тэмдэглээд, уг төсөл амжилттай хэрэгжиж энэ оны 3 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан цаашид манай улсын стратегийн ач холбогдолтой салбарт дахин шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нөөц, бололцооны талаар санал солилцов.
Тод мэдээ
Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилдаг эрэгтэй 34 настай Э, эмэгтэй 33 настай А нарыг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
Эдгээр хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэрэг үйлдлийн аргаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завдах зэргээр бусдыг залилдаг болох нь тогтоогдсон юм.

Уг этгээдүүд нь хаус, орон сууц, ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгсэл, 9911-тэй дугаар зэргийг түрээслэн ашиглаж, бусдад итгэл төрүүлэн иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байна. Тус хэрэгтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн зохиомол, хуурамч нөхцөл байдалд авталгүй өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернет банкинд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
ЕБС-иудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудын Захирлуудын Үндэсний Зөвлөл нь 2016 оноос хойш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг салбар зөвлөлтэйгөөр ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн төрийн бус байгууллага юм.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Б. Ундрал 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, санхүүжилт, хүний нөөц, нийгмийн хангамж цалингийн нэмэгдэлтэй холбоотой нийтлэг асуудлуудаа танилцуулав. Мөн уулзалтад оролцогч захирлуудын төлөөлөл өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авч санал бодлоо илэрхийллээ.
Сайд, хувьсах зардлын итгэлцүүр болон орон тооны бүтэц, норм нормативыг өөрчлөн шинэчлэхээр ажиллаж буйгаа дурдаад, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор төсвийн санхүүжилт дутуу орсон гэх асуудлыг шалгуулж байгаа, яаралтай арга хэмжээ авч нөхөн олгоно гэв.
Тод мэдээ
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1220 дугаартай захирамжаар нийслэлийн хэмжээнд 13 дэд салбар комисс байгуулж, 75 ажлын хэсгийн 239 төрийн албан хаагч нийт 1,510 байгууллагын үйл ажиллагаанд “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийг зохион байгууллаа.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга В.Жавзан, Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, Улсын ахлах байцаагч Б.Туул, Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч С.Наранчимэг, Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн ажилтан П.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй Улсын төв комиссын Ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2025 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Тус Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийн урьдчилсан дүнтэй танилцаж, нийслэлийн Хяналт шалгалтын газарт 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тус тус ажилласан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнг Ажлын хэсгийн дарга, гишүүд 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ирж, танилцууллаа.
Улсын төв комиссын Ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааг “Бүрэн хангалттай” гэж үнэллээ.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2025/11/14
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Тод мэдээ2021/09/14
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого хэ...
-
Тод мэдээ2022/05/23
Зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч бүрэн хариуц...
-
Тод зураг2019/07/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
