Дэлхий нийтээр..
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэхээр бэлтгэж байна. Тус төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” компани ажиллаж байна.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд газрын асуудлыг шийдвэрлэх ажлууд хийгдэж байна. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 74 дүгээр тогтоолоор төсөл хэрэгжүүлэх талбайг батлуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газрын эзэмших эрхийг нийслэлд шилжүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн давааны хогийн цэг орчимд үнсэн сангийн зориулалттай 39 га газрыг эзэмших эрх гарсан. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 22 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байна.
Шинэ станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбох техникийн боломжийг Диспетчерийн үндэсний төв судалж, 2027-2028 оны түвшинд нэгдсэн сүлжээнд холбох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлүүдийн дагуу зургийн ажлууд хийгдэж байна. Станцын түлшний хангалтыг найдвартай болгох зорилгоор Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс салбар төмөр зам татах боломжийг судалж, шинэ салбар төмөр зам барих боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ингэснээр нүүрсний тээвэрлэлтийг тасралтгүй хангаж, станцын түлшний нөөцийг тогтвортой байлгах нөхцөл бүрдэх юм.
Технологийн хувьд ДЦС-5 нь агаарын хөргөлттэй конденсатортой мөн усаа дахин ашиглах системтэй тул усны хэрэглээ харьцангуй бага байх онцлогтой. Станц нь эргэлтэт буцламтгай үет шаталттай (CFB) зуух ашиглах тул хүхрийн болон азотын дутуу ислүүдийн ялгаралт буурч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц багасна гэсэн судалгаа гарсан. Дулааны тавдугаар цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/09/08
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа
-
Дэлхий нийтээр..2022/12/13
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын ...
-
Дэлхий нийтээр..2021/12/15
“Омикрон” хувилбарыг илрүүлэх боломжтой
-
Үйл явдал2024/01/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
