Тод индэр
Э.Ариунзаяагийн сэтгүүлчийн ур чадвар сургалтанд нөлөөлдөг
“Inspired by Zaya” Монголын анхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэх “Inspired by Zaya”Англи хэлний төвийг МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүүхдэд ээлтэй зөв сонголт” хэрэгцээт мэдээллийн аян онцолж байна.
Хүүхэд залуус, оюутан сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан Англи хэлний сургалтыг зохион байгуулдаг бөгөөд гол онцлог нь тухайн суралцагчтай урьдчилан ярилцлага хийж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн хөтөлбөрийн дагуу хичээллэдэг.
Ерөнхий Англи хэлнээс гадна мэргэжлийн Англи хэл тэр дундаа бизнес, улс төр, төрийн алба болон энтертайнмент, урлаг, сэтгүүл зүйн Англи хэлний тусгай хөтөлбөрүүдээр суралцуулж бүх насныхны талархлыг хүлээгээд байна.
Монгол улсын ирээдүй бол зөвхөн уул уурхай, газрын баялаг биш боловсролтой, оюунлаг, олон талын авьяастай залуус бөгөөд “Хэлтэй бол хөлтэй” гэх уриан дор үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ.
Ерөнхий Англи хэлний сургалтаар сайтар бэлтгэгдсэн хүүхдүүдийг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог IELTS, TOEFL-ийн шалгалтанд 17 жилийн туршлагатай, TESOL зэрэгтэй багш бэлтгэдэг уламжлалтай. Тус төвийн захирал Э.Ариунзаяагийн хувьд ХУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ олон жил ажиллаж, телевизийн ток шоугаараа туршлагажин олны танил болсон Э.Ариунзаяагаар хичээл заалгахын давуу тал их. Эх хэлнийхээ өгүүлбэр зүй, өгүүлэхүйн ухааныг суралцсан учир англи хэлийг заах арга барил нь өвөрмөц юм. Нас насны суралцагчдын цалгисан инээдэн дунд англи хэлийг шат ахиулан хорхойсон суралцагчдын тоо нэмэгдсээр байна.
Эрхэм уншигч та 8855-0855, 8096-0504 утсаар дэлгэрэнгүй лавлана уу.
Тод индэр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
Эх орны ирээдүй болсон оюутан, сурагчид аа
Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ
Хүндэт эцэг эхчүүд ээ!
Та бүхэндээ эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны өртөө болсон хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Их Хурал нийт хүн амын 40 хувийг хамардаг боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж, 2024 онд ДНБ-ий 5.7 хувь, төсвийн нийт зарлагын 20.4 хувьд хүргээд байна.
Мөн энэ оноос эхлэн өмнөх парламентын баталсан Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэдийг бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг олон сайн өөрчлөлтүүд хийгдсэн.
Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бол улс орны хамгийн үр ашигтай хувьцаа байдаг. Иймд 2024 онд шинээр байгуулагдсан парламент Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, боловсролын салбарын дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гадна хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг бууруулах, сурагчийн хөгжил, төлөвшил, сургалтын чанар, технологи, инновацид зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Боловсрол зөвхөн диплом, дүнгийн хуудсаар хэмжигддэг цаг ард хоцорч, боловсролын салбарын чиг хандлага хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, их өгөгдөл, интерактив, бүтээлч арга барил руу чиглэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө уралдаж байна.
Хүүхэд залуус Та бүхэн монгол ёс уламжлал, үүх түүхээ мэддэг, өвөг дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Иймд өнөөдөр эрдэм мэдлэгт шунан дурлаж, илүү их ном уншиж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө тасралтгүй суралцахыг уриалж байна.
Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа, эх орны маргаашийн нарыг мандуулах эрдэмтэн мэргэн багш нартаа 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2024.09.01
Тод индэр
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.
Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.
“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод индэр
Ц.Баатархүү: E-Mongolia -д байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Дашрамд мэдээллэхэд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.