Тод мэдээ
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлнэ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг 2021 оны наймдугаар сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Тэрбээр “Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллаж, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” зэрэг төслийг амжилттай хамтран хэрэгжүүллээ. 2016-2021 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр үе шатанд Монгол УИХ-ын тухай болон Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, Монгол УИХ-ын стратеги төлөвлөгөөг шинэчлэхэд техникийн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтэд парламентын хяналт тавих чадавхыг сайжруулах чиглэлээр Швейцар, Монголын парламентын Тамгын газрууд хооронд техникийн хамтын ажиллагааг эхлүүлсэн. УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хооронд хамтын ажиллагааны сайхан уламжлал, баялаг туршлага нэгэнт бий болсон. Өнөөдөр бид хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах гэж байгаадаа баяртай байна” хэмээгээд богино хугацаанд үр дүнтэй олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри хэлэхдээ “Швейцарын хөгжлийн агентлаг, УИХ-ын Тамгын газрын хамтын ажиллагаа урт хугацаанд, тогтвортой, амжилттай үргэлжилж байна. Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болсон шинэ төслийг эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна. Өмнөх төслүүдийн сайн үр дүнг харах урамтай байна. Энэ удаагийн төсөл маань илүү өргөн цар хүрээг хамрах бөгөөд төслийн гол зорилго парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа. Швейцарын хөгжлийн агентлаг 2024 оноос төсөл, хөтөлбөрүүдээ албан ёсоор зогсоох шийдвэр гаргасан ч УИХ-ын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд маш сайн үр дүнтэй хэрэгжсэн тул хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр болсныг хэлэх нь зүйтэй. Энэхүү төсөл мөн амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уулзалтын дараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри нар УИХ-ын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл нь УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатны төсөл болж байгаа юм.
Уг төсөл 2.5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд УИХ-ын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх УИХ-ын Тамгын газрын мэргэшсэн, чадварлаг албыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Уулзалт, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон бусад албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилнэ. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх юм.
Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашинд давуу байдалтай буюу явган зорчигчид ээлгүй хэд хэдэн байршил бий. Зогсоол байдлаар ашиглагддаг замууд нь сэлгэлтгүй бөгөөд буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болохоос гадна явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс зам талбайг чөлөөлөн хүн төвтэй байдлаар явган замыг стандартын дагуу 3-4 метр өргөн болгож шинэчилнэ" гэлээ.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замуудын нийт есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийлээ.
Уг зохицуулалтт 6 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо
Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Тод зураг2020/02/13
Орхон аймгийн онцгой комиссоос Баар, караокены үйл ажиллагааг зогсоох шийдвэр га...
-
Тод индэр2020/07/25
Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг хүлээн авч уул...
-
Тод мэдээ2022/03/21
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 2022 он дуустал хойш...
-
Тод мэдээ2020/04/13
Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлууллаа