Дэлхий нийтээр..
Хариуцлагатай аялахыг уриаллаа
Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж эдийн засгийг сэргээх зорилгоор манай улсад ирэх солонгос жуулчдыг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулахаар шийдвэрлэсэн билээ.
БНСУ-ын талаас “Ковид 19” цар тахлын улмаас 2020 оноос түр зогсоогоод байсан богино хугацааны С-3 ангиллын болон олон удаагийн Multiple визийг сэргээж 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай иргэдэд олгож эхлээд байна. Энэ шийдвэр гарснаар Солонгос Улсад аялах, эмчлүүлэх, гэр бүлдээ зочлох, худалдаа, үзэсгэлэнд оролцохоор ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Мөн БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчид Канвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хүртэл хоног визгүй зорчих журам хэрэгжихээр болсон.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр БНСУ-д визгүй зорчихдоо тус улсын нутаг дэвсгэрээс зөвшөөрсөн хугацаанд гараагүй хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт иргэдийн тооноос 5% давсан тохиолдол уг шийдвэр цуцлагдах тул манай иргэд бусдынхаа аялах боломжийг хязгаарлахгүй байхад анхаарч, тухайн улсын хууль дүрэм, журмыг зөрчихгүй, өндөр хариуцлагатай аялахыг уриалж байна.
БНСУ-ын Засгийн газрын дээрх шийдвэр нь цар тахлын нөхцөл байдлаас гадна манай иргэд хариуцлага алдах тохиолдолд цуцлагдах эрсдэлтэйг анхаарна уу.

КОНСУЛЫН ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2023/01/24
Нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай байна
-
Дэлхий нийтээр..2026/04/03
ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзошгүй
-
Дэлхий нийтээр..2024/10/23
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн Зохицуулах Хороонд ажиллалаа
-
Үйл явдал2022/09/15
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
