Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар ХААИС-ийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийг танилцууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, оюутнуудад “D-Parliament” цахим системийн талаар танилцуулж, хэрэглээ, ач холбогдлын тухай мэдээлэл өглөө.
Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад веб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. Дэлхий нийтийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, нийгмийн шинэ хэв журам дэлгэрсэн өнөө цагт технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг илүү төгөлдөршүүлэхэд залуусын оролцоо, манлайлал чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, ““D-Parliament” систем бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр “хэвтээ” хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” хэмээн тодотгосон юм.
Энэ үеэр ХААИС-ийн захирал, доктор, профессор О.Баатарцогт, цахим парламентын цогц шинэчлэлийн хүрээнд УИХ-аас хийгдэж буй ажлууд, хэлэлцэж буй холбогдох хууль, тогтоомжийн төсөлд эрдэмтэн, судлаач, багш, оюутнуудын саналыг сонсон, нээлттэй ярилцаж байгаад УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.
Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтын талаар багш, оюутнууд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, судлаачид хуулийн төслийн 10.5 дугаар зүйлд “төрийн өмчийн анагаах ухааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг их сургууль нь их сургуулийн эмнэлэгтэй байна” гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа уламжиллаа.
Өнөөдрийн уулзалтын дараа “D-Parliament” аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа зарим хуулийн төсөлд санал өгч, хэрэглээг туршиж үзсэний зэрэгцээ УИХ-ын даргатай чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Цаашид “D-Parliament” цахим системийн хэрэглээг улам өргөжүүлж, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд цуврал уулзалтыг тогтмол зохион байгуулна гэдгээ УИХ-ын дарга хэлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
