Хэн юу хэлэв...
Д.Сайнсайхан: Монгол ёсонд ханш нээх өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй
Энэ жилийн Ханш нээх өдөр 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд тохиож байна. Үүнтэй холбоотой иргэдээс ирдэг түгээмэл асуултыг Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Зурхайч лам, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас тодрууллаа.
- Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг?
- Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол орон жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хувааж 24 улирлаар нарийвчлан авч үздэг.
Тухайлбал хаврын улиралд:
- хаврын уур орох,
- хур усан,
- ичигсэд хөдлөх,
- хаврын хугас дунд,
- ханш нээх,
- тариалангийн хур орох улирал гэж зургаа хуваана.
Энэхүү цаг хугацаанд байгалийн юмс үзэгдэл, ургамал, амьтны үйл хөдлөлийг шинжин тухайн жилд юм уу тухайн улиралдаа тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой.
Ханш гэдэг нь “Fu hui jie” гэх хятад үг бөгөөд байгаль эх дэлхий дахин амилж сэргэн нээгдэх гэсэн утгатай. Манай монголд ч мөн энэ утгаар байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэж тариа ногооны газраа бордож, малын хашаа хороогоо цэвэрлэн, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засна. Тухайлбал, дөрвөн настай үрээг хөнгөлөхөд сайн гэх мэт. Харин гэхдээ ан амьтан агнах цээртэй.
- Ханш нээх өдөр талийгаачийн газрыг эргэдэг үү?
- Өвөр Монголын эрдэмтдийн тайлбараас үзэхэд ханш нээх улирал эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа хятадын хан үндэстний тэмдэглэлт өдрийг /Чин минг (“Qing ming”) буюу “Тодорхой гэгээн” гэсэн утгатай үг) өвөг дээдсийн тахилгын баяр болгож нас барсан хүмүүсийн шарил дээр очиж булшийг нь шүүрддэг зан үйл хийдэг. Энэхүү өдрийг хятад үндэстэн сүүлийн жилүүдэд хамтад нь тэмдэглэдэг болсноос энэ буруу ойлголт манай оронд бий болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй. Англиар “Tomb sweeping day” буюу “Булш шүүрдэх өдөр”-ийг Вьетнам, Солонгос, Малайз, Сингапур зэрэг оронд тэмдэглэдэг.
Харин Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй. Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй, эцгийн оршуулсан газрын тэргүүнийг харуулсан зүг дээгүүр хамаагүй явдаггүй гэхчлэн бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарийн учиртай. Бурхан болооч нь 49 хоног дотор төрлөө олсон учраас биеийг нь оршоосон газрын эзэн буюу савдаг, лусыг олон жил орхигдуулахгүй тахих нь бий.
Тодруулбал, үр хүүхдүүд, ач зээгийнх нь аж амьдрал, ажил үйлс дордох доройтох зэрэг онцгой үеүдэд ханш нээснээс хойш газар лусын буулттай өдрүүдийг сонгож нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг. Өөрөөр хэлбэл, бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ л ачийг санаж амьтан хооллож, газар лусыг аргадах зан үйлүүд болох дүлцэнгийн элс, лусын эмийг гол горхи булаг шандад хийх, идээ, будаа, сүү зэргийг газар дэлхийд өргөх, лусын бумбын балин тахил, уншлага номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргаддаг юм.
- Баярлалаа.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
Хэн юу хэлэв...
Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллагаа чухал
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Ираны хэд хэдэн хотод агаарын довтолгоо болсон гэх мэдээллийн дараа мэдэгдэл хийлээ. Тэрээр Ираны нутаг дэвсгэрт халдсан аливаа үйлдэлд хариу арга хэмжээ авах эрхтэй гэдгийг онцолж, нөхцөл байдал хурцдаж болзошгүйг анхааруулжээ. Мөн гал зогсоох нөхцөлийг зөрчсөн аливаа үйлдэл бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой эрсдэл үүсгэнэ гэдгийг дурдсан байна.
Аббас Арагчи дипломат гарцыг нээлттэй хэвээр байлгах шаардлагатайг тэмдэглэж, хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолжээ.
Сүүлийн 12 цагийн хугацаанд Тегеран болон Ираны бусад хотод дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарч, агаарын хамгаалалтын систем ажилласан тухай эх сурвалжууд мэдээлээд байна. Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Тегеран хотод ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан мэдээлэл гарсан юм.
Ираны Гадаад хэргийн сайдын мэдэгдэл нь нөхцөл байдал улам хурцдаж болзошгүйг харуулж байгаа бөгөөд бүс нутгийн үйл явдлын өрнөл ойрын хугацаанд тодорхой болох төлөвтэй байна.
