Өнөөдөр
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад улаанбурхан өвчний хоёр тохиолдол бүртгэгдээд байна

Улаанбурхан өвчний тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК хуралдаж, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд 2024 оны эхний 7 сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг бүрдүүлэх, хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн хяналт, тандалтыг идэвхжүүлэх, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхижүүлж, тандалт, хариу арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбурхан өвчний дэгдэлт үүссэн тохиолдолд татан оролцуулах хүч хэрэгсэл, нөөцийг бүрдүүлэх, Тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Мөн гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар гэх мэт эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах нөхцөлийг хангаж, эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллах, Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, Орон нутгийн хэмжээнд эрсдэлийн үнэлэгээ хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд тус тус үүрэг болгосон юм.
Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд Агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана. Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь улаан бурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Өнөөдөр
Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр усархаг бороо орно
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ны өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 20-ны өдөр Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь аймгийн нутгаар, 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны наймдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн төв хэсгээр нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Өнөөдөр
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй
МЭДЭГДЭЛ
Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье.
Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно.
МИАТ ТӨХК