Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.04.06/ Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын дарга аа,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.
Иймээс миний бие саяхан нийт иргэддээ хандаж гаргасан уриалгаа Та бүхэнд хандан дахин сэргээн тайлбарлаж ойлгуулах шаардлага үүслээ.
Халдварлах, тархах маш өндөр чадвар бүхий титэмт вирусний цар тахал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нийт хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болсныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол ердийн ханиад томууны тархалт шиг түр зуурын зүйл биш, урт удаан хугацааны тууштай тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой болж, улс орнууд үүнд бэлтгэж эхэлснийг бүгд анзаарч байгаа гэдэгт найдъя.
Титэмт вирусний халдвар тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж, дэлхийн эдийн засагт даяар хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, энэ нь ядуурал, өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын Засгийн газрууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, хүнээ, иргэдээ хамгаалж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадал, анхаарлаа чиглүүлэх боллоо.
Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм!
Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Бусад улс орнууд хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн экспортоо зогсоох, хязгаарлах шийдвэрүүдийг дараалан гаргаж, тахлаас улбаатайгаар ёс суртахууны уналт газар авч, хүмүүнлэгийн хямрал ч үүсэх төлөв байдал харагдаж эхэллээ. Бусад улс орнуудын захиалсан, худалдан авсан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл хэд хэдэн удаа давтагдаж, энэ нь соёл иргэншлийн манлай гэгдэх бүсүүдэд гарч байгаа нь анхаарал татаж байна. Цар тахлыг ялан дийлэх, намжаах хугацааг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл ч үргэлжлэх эрсдэлт төлөв байгааг мөн анхааруулж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг “Давагдашгүй хүчин зүйл бус дайны байдал авчирлаа” хэмээн үзэж, ийм төлөвт эдийн засгаа, нийгмийн амьдралаа бэлтгэж эхэллээ.
Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.
Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.
Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдод оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна.
Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно:
Нэг. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах.
Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна.
Хоёр. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна.
Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусний халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна.
Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ ээ. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг болох нь тогтоогдсон тул ахмад настнууд эрсдэлийг сонгохгүй нь тодорхой юм. Сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурч байх жишээтэй. Ирц хүрээгүйгээс сонгууль дахих, давтан санал авах зэрэг байдал үүсвэл эрсдэлийг бид зориудаар өсгөн үржүүлж байгаагаас өөрцгүй мунхаг хэрэг болно.
Сонгуулийн үр дүнг гадаадад болон дотоодод хүлээн зөвшөөрөх легитим чанар буурах эрсдэл байна. Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглаж чадахгүй. Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна.
Тийм учраас Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа.
Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна.
Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна.
Одоо санал болгож байгаа 7 зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарах болж байгаа гэсэн дохиог иргэд өгч байгааг УИХ анхааралдаа авмаар байна.
Ажлын байраа хадгалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг тодорхой, ойлгомжтой, гуйвуулах, гажуудуулах боломж гаргахгүй байдлаар гаргахгүй бол үл ойлголцол, гажуудал үүсэхээр ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл.
Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.
Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны төвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна.
Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна.
Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна.
Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрий барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.
УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан...” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.
Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.
Улсын Их Хурлын гишүүд ээ,
Монголчууд аа, ард иргэд ээ,
Хүнд бэрх цаг үе дэлхий дахиныг, Та биднийг нөмрөн ирлээ. Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа.
Монголчууд бид бүхий л түүхийнхээ туршид эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.
Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.
Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн амьдрах болтугай!" гэв.
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2025/04/08
IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газарт өргөн барина
-
Дэлхий нийтээр..2022/07/28
Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэ...
-
Дэлхий нийтээр..2021/06/03
Ажлын хэсгийн хурлаар холбогдох зарим байгууллагын тайлбар, мэдээллийг сонслоо
-
Тод зураг2020/05/20
COVID-19: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө
