Хэн юу хэлэв...
Я.Содбаатар: Өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.
Ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт, шийдэлд хүрэх зорилготойгоор ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалт зөвлөгөөний үеэр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаад удаагүй байгаа энэ Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг олон арван асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байгаа тухай онцолсон.
Хангайн бүсийн аймгуудын засаг дарга нар, холбогдох албаныхантай хийсэн уулзалт зөвлөгөөн дээр Монгол Улсын Шадар сайдын хэлсэн үгнээс хэсэгчлэн хүргэж байна.
"Сүүлийн 3 жилийн байдлаар хангайн бүсийн аймгуудад тохиолдсон 40 удаагийн үер болон усны ослоор 68 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар саруудад их хэмжээний хур бороо орсон, амралт, аялал зугаалга, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээс Булган аймагт 3, Өвөрхангай аймагт 2, Хөвсгөл аймагт 10 хүн усны ослоор, Архангай аймагт 5 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаад байна.
Ховд аймгийн Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт 6, 7 дугаар саруудад байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн 4, Баянхонгор аймгийн 11, Завхан аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Хөвсгөл аймгийн 3 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд иргэдийн амралт, зугаалга нэмэгдсэн энэ үед тарваган тахал өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй юм.
Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд бүсийн аймгуудаас Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр зэрэг 14 сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус сумын нутгаар муу байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан аймаг, орон нутгаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах үйл зэрэг хүсэлтийг ирүүлж байна.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгоход аймаг, орон нутгийн удирдлага та бүгдийн хүчин чармайлт ихээхэн чухал болохыг сануулъя.
Ажил хариуцсан хүмүүсээс шалтгаалж, цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож ажиллах болно гэдгийг хэлье.
Хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгосноор ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулах юм.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад дараах хэдэн гол асуудалд анхаарч ажиллахыг онцлон хэлье. Үүнд:
- Бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтыг зохион байгуулах бодлогыг сум, баг бүр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулъя.
- Отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжих өрхүүдийг 11 дүгээр сарын 1-ний дотор отор хийх газар нутагт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэ асуудлыг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй.
Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хариуцлагагүй, цалгар назгай, залхуугаасаа болж хохирол амсаж улс, орон нутгаас илүү зардал чирэгдэл гаргахгүй байх нь иргэд, малчид, орон нутгийн удирдлага та бидний хариуцлага, хүчин чармайлтаас ихээхэн хамаарах тул үлдэж буй хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг үүрэг болгож байна" хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2021/05/25
Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн талаар санал солилцов
-
Үйл явдал2025/01/14
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2023/08/21
WRESTLING DAY 6 (8/21) FINALS ULAANBAATAR 2023 EAST ASIAN YOUTH GAMES
-
Хэн юу хэлэв...2019/10/08
Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэг...
